УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэн дэмжсэн. Гишүүн М.Бадамсүрэн санаачилсан төслийнхөө талаар танилцуулсан бөгөөд “Оролцоотой хүүхэд хөгждөг. Хөгжсөн хүүхэд хамгаалагддаг. Энэ бол олон улсын зарчим. Иймд хүүхдүүдээ хөгжүүлэхэд эцэг, эх, асран хамгаалагч, төр засаг, орон нутаг гээд бүх талаас оролцоотой байх зорилгыг уг хуулийн төслөөр дэвшүүлж буй. Учир нь манай гэр бүлүүдийн орлогын байдлаас шалтгаалж хүүхдүүдээ хүссэн секц, дугуйланд хамруулж чаддаггүйг судалгаа харуулж байна. Мөн хот, хөдөөгийн хүүхдүүдэд хөгжлийн ялгаа үүссэн. Нөгөө талаас Хүүхдийн хөгжлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой механизм бий болгох шаардлагатай.

Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувийг төвлөрүүлдэг бөгөөд одоогоор зургаан их наяд төгрөг хуримтлагдаад байна. Үүнийгээ жилийн 4.1 хувийн хүүтэйгээр арвижуулж буй. Хүүнд нь 200 гаруй тэрбум төгрөгийг жилд хуримтлуулж байгаа бөгөөд үүний 50-иас доошгүй хувийг нь хүүхдийг хөгжүүлэх, багш нарыг нь дэмжихэд зориулах зохицуулалт тус төсөлд бий.

Жил ирэх бүр сангийн хөрөнгө арвижиж, тэр хэрээр хуримтлагдах хүү нь ч нэмэгдэнэ гэсэн үг. Хөрөнгийг нь ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилготой эл сангийн үндсэн хөрөнгөнд нь хүрэхгүй, гагцхүү хүүгээр хуримтлагдаж байгаа мөнгөний тодорхой хэсгийг зарцуулъя гэж байгаа юм. Ингэж санхүүжилтийг нь тодорхой хуульчлахгүй бол Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль гэх мэтээр хэрэгжилт нь хангалтгүй байгаа хууль бас бий. Миний бие Дорнод аймгийн Засаг даргаар есөн жил ажиллахдаа “Хүн болох багаасаа” төслийг орон нутгийн уул уурхайн орлогоос зарцуулан амжилттай хэрэгжүүлсэн учраас энэ хууль батлагдвал үр дүн нь бодитой байх бүрэн боломжтой” хэмээн онцолсон юм.

Төсөлд тусгаснаар шинжлэх ухаан, технологи, гадаад хэл, спорт, хөтөлбөрт суурилсан хувь хүний хөгжил, сэтгэл зүйн болон санхүүгийн боловсрол, байгаль хамгаалал, соёл урлагийн чиглэлээр хичээлээс гадуур хөгжихөд нь төрөөс эцэг, эхийн хамт дэмжлэг үзүүлэх аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хөгжлийг зөвхөн цэцэрлэг, сургуульд даатгаад орхиж болохгүйг тэрбээр онцлохын сацуу багш нарт нэмэлт орлого олох боломж бүрдэнэ гэлээ.