“Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб” нь “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр “Төрийн өмчит уул уурхайн компаниудад тавих иргэний хяналтыг мэргэжлийн сэтгүүл зүйгээр идэвхжүүлэх нь” төслийг эхлүүллээ.
Энэхүү төсөл нь төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, худалдан авах ажиллагаа, цалин урамшуулал, тогтвортой хөгжлийн асуудлаарх мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй, хараат бус байдлаар хүргэх замаар сэтгүүл зүйн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийн нээлт энэ сарын 7-нд болсон бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал оролцож, сэтгүүлчдийн хөндөж буй асуудлыг бодлого, шийдвэр гаргалтад тусгах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
“Нээлттэй нийгэм форум”-ын Байгалийн баялгийн засаглалын менежер Д.Эрдэнэчимэг “Төслийн хүрээнд ТӨК-иудын засаглал, төсвийн зарцуулалтад тулгамдаж буй асуудлыг өгөгдөлд суурилсан судалгаа, эрэн сурвалжлах бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж, бодлогын хэлэлцүүлгийг өрнүүлэхээр зорьж байна” гэв.
Таван сарын хугацаанд хэрэгжих уг төслийн хүрээнд МЭЗСК-ийн гишүүд 10 орчим сэтгүүл зүйн бүтээл туурвиж олон нийтэд хүргэнэ.
Төсөлд салбарын мэргэжилтнүүд ментороор оролцож, сэтгүүлчдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж байна.
МЭЗСК нь энэхүү төслөөр дамжуулан сэтгүүлчдийн хараат бус, чанартай бүтээл туурвих боломжийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Мэргэжлийн мэдлэг туршлага, дэмжлэг үзүүлэх менторуудыг танилцуулъя.
• АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш,
• МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн З.Ган-Очир,
• “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, СЭЗИС-ийн профессор Д.Гэрэлмаа,
• Ezasag.mn сайтын эрхлэгч бөгөөд “Төрийн өмчит уул уурхайн компанийг сурвалжлах нь” гарын авлагыг хамтран боловсруулсан Т.Энхбат,
• ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор М.Түвшинжаргал нар ажиллаж байна.




.jpeg)



.jpg)






