Цогц хөгжлийн үндэсний төвөөс “Мэдэх эрхтэй-2” аян зарлан парламентын ил тод байдлыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-өөс парламентын ил тод байдлыг хангах UIH.mn цахим талбарыг 2021 оноос хойш тасралтгүй хөгжүүлэн, ил тод байдлыг сайжруулахаар ажилласан байна.  Хууль батлахад гишүүдийн өгсөн саналыг мэдээллийг нээлттэй болгуулахаар 2023 онд “Мэдэх эрхтэй-1“ нөлөөллийн аяныг зохион байгуулж үр дүнд нь анх удаа parliament.mn талбарт санал хураалтын дүнг мэдээлдэг болжээ. Ийм үр дүнд хүрэхийн тулд УИХ-ын тамгын газарт хоёр жилийн турш мэдээлэл авах хүсэлт, гомдол гаргаж, ХҮЭК-т хандаж, эцэст нь бүр захиргааны хэргийн шүүхэд хүртэл маргаан үүсгэж байжээ.

Харин энэ удаа “Цогц хөгжлийн үндэсний төв“-өөс парламентын ил тод байдлыг сайжруулах “Мэдэх эрхтэй-2“ аяныг зарлаж дараах 15 шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлсэн байна.

Уг шаардлагуудыг биелүүлснээр Монгол улсад парламентын нээлттэй байдлыг мэдэгдэхүйц сайжруулж, иргэдийн оролцоог хангах боломжтой болно гэж үзэж буй.

УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлсэн шаардлагад:

1. Парламентын мэдээллийг нээлттэй байлгах нэгдсэн стандарт тогтоож, мэдээллийг бүрэн, шуурхай, үнэн зөв нийтэлдэг болох

Парламентын нээлттэй мэдээллийг иргэд цаг тухайд нь олж авах, ойлгох, бусад мэдээлэлтэй холбон шалгах, татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломжтой байдлаар байршуулах.  Улсын Их Хурлын ямар мэдээллийг, ямар хугацаанд, ямар бүтэц, хэлбэрээр нийтлэхийг тодорхойлсон нэгдсэн стандарт тогтоож, парламентын бүх нэгжид ижил мөрдүүлэх.

2. Засгийн газрын боловсруулж буй хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээс өмнө D-Parliament системд байршуулж, иргэдэд санал өгөх боломж бүрдүүлэх

D-Parliament системийн “Боловсруулж буй төслүүд” хэсэгт УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулж буй төслүүдийг нийтэлж байгаа боловч Засгийн газрын боловсруулж буй төслүүд энэ шатанд ижил түвшинд харагдахгүй байна. Иймд хууль санаачлагч хэн байхаас үл хамааран боловсруулж буй төслийг нэгдсэн цахим орчинд эрт үеэс нь байршуулж, төслийн үзэл баримтлал, судалгаа, тооцоо болон холбогдох материалтай иргэд танилцаж, санал өгөх ижил боломжийг бүрдүүлэх.

3. Хуулийн төсөл бүрийн боловсруулалтаас батлагдах хүртэлх бүх мэдээллийг нэг дороос харах боломжтой болгож, батлагдсаны дараа ч бүрэн хадгалах

D-Parliament системд хуулийн төсөл бүрийн үзэл баримтлал, танилцуулга, хэрэгцээ шаардлагын үндэслэл, зардлын тооцоо, үр нөлөөний үнэлгээ, судалгаа болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бусад бүрдүүлбэрийг тухайн төсөлтэй нь хамт байнга хадгалж, хууль батлагдсаны дараа ч олон нийт нөхөн танилцах боломжтой болгох шаардлагатай.

4. Хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг цаг тухай бүрд нийтэлж, өөрчлөлт бүрийг мэдэх боломжтой болгох

Хуулийн төслийн эхийг D-Parliament системд хэлэлцүүлгийн бүх үе шатанд тасралтгүй хөтөлж, ямар зүйл, заалт хэзээ, ямар хуралдаанаар, хэний саналаар нэмэгдсэн, хасагдсан, өөрчлөгдсөнийг өмнөх хувилбартай харьцуулан харах боломжтой болгох нь зүйтэй. Иргэд тухайн үед хэлэлцэж байгаа хамгийн сүүлийн хувилбарт үндэслэн саналаа өгөх боломжтой байх ёстой.

5. Санал хураалт бүрийн мэдээллийг гишүүн тус бүрээр бүрэн нийтэлж, тухайн саналын үр дүнд гарсан өөрчлөлттэй холбох

Нэгдсэн болон Байнгын хорооны санал хураалт бүрийн хувьд ямар асуудал, ямар томьёоллоор санал хураасан, саналыг хэн гаргасан, гишүүн бүр хэрхэн санал өгсөн, ямар үр дүн гарсан, уг саналын үр дүнд хуулийн төсөл болон бусад шийдвэр хэрхэн өөрчлөгдсөнийг нэг дороос харах боломжтой болгох шаардлагатай.

6. Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсэг болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг парламентын нээлттэй байдлын нийтлэг шаардлагад хамруулах

Тамгын газар нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, нам, эвслийн бүлгийн хуралдааны тов, хэлэлцсэн асуудал, ашигласан материал, гаргасан санал, шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан нууцлал, хамгаалалтын шаардлагыг харгалзан тогтмол нийтэлдэг болох шаардлагатай.

7. Чуулган болон Байнгын хороодын хуралдааны тэмдэглэл нийтлэх хугацааг тодорхой болгож, мэдээлэл болон нийтэлсэн огноог үнэн зөв мэдээлдэг болох

Нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны тэмдэглэлийг нийтлэх тодорхой хугацааг тогтоож мөрдүүлэх, хуралдаан болсон огноо болон цахим системд бодитоор нийтэлсэн огноог тус тусад нь үнэн зөв харуулах шаардлагатай. Тэмдэглэлийг дараа нь байршуулсан атлаа өмнөх огноогоор нийтлэгдсэн мэт харагдуулах боломжгүй техникийн бүртгэлтэй байх. Түүнчлэн тэмдэглэлийг бүрэн текстээр хайх, гишүүний нэр, хэлэлцсэн асуудал, хуулийн төсөл болон үг хэлсэн хэсэгтэй холбон ашиглах боломжтой болгох нь зүйтэй.

8. Парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлийн шаардлагад нийцүүлэн нийтэлж, хайх, татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломжтой болгох

Гишүүн, хуулийн төсөл, хуралдаан, ирц, санал хураалт, хороо, ажлын хэсэг, төсөв зэрэг парламентын үндсэн мэдээллийг машинд уншигдах хэлбэрээр нийтэлж, шаардлагатай өгөгдөлд API болон бөөнөөр татаж авах боломж бүрдүүлэх шаардлагатай. Өгөгдөл бүр тогтвортой таних дугаар, тайлбар мэдээлэл, бодитоор нийтэлсэн болон шинэчилсэн огноотой байж, хоорондоо холбогдох боломжтой байх нь зүйтэй.

9. УИХ-ын гишүүн бүрийн парламент дахь ажлын бодит гүйцэтгэлийн мэдээллийг нэг профайлаас цаг тухайд нь авах боломж бүрдүүлэх

Уялдуулан гишүүний профайлд ирц, санал хураалтын оролцоо болон өгсөн санал, санаачилсан болон хамтран санаачилсан хууль, Байнгын болон дэд хорооны ажил, ажлын хэсгийн оролцоо, асуулт, асуулга, хэлэлцүүлэгт оролцсон байдал, хөрөнгө орлого болон ашиг сонирхлын холбогдох мэдээллийг нэгтгэн харуулах шаардлагатай. Эдгээр мэдээлэл нь гар ажиллагаатай тойм тайлан бус эх системээсээ боломжит богино хугацаанд автоматаар шинэчлэгддэг, бодит мэдээлэл байх нь төлөөллийн хариуцлагыг хангахад чухал ач холбогдолтой.

10. Хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодитой, заавал хэрэгждэг механизм бий болгох

Гишүүдийн мэдүүлсэн ашиг сонирхлын мэдээллийг хэлэлцэх асуудалтай урьдчилан тулган шалгах, болзошгүй зөрчлийг тодорхойлох, гишүүн мэдэгдэх, хуульд заасан нөхцөлд санал хураалтад оролцохоос татгалзах, уг мэдээллийг олон нийтэд ил тод болгох механизмыг бүрдүүлэх нь зүйтэй.

11. Иргэдээс авсан саналд заавал хариу өгч, санал шийдвэрт хэрхэн туссаныг олон нийтэд мэдээлдэг болох

Хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог зөвхөн санал авах цахим цонх ажиллуулсан, хэлэлцүүлэг зохион байгуулсан тоогоор хэмжих нь хангалтгүй. Иргэн саналаа өгсний дараа тухайн саналыг авч үзсэн эсэх, төсөлд тусгасан эсэх, тусгаагүй бол ямар үндэслэлтэй байсныг мэдэх боломжтой байх ёстой.

12. Парламентын үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл бие даан ажиглаж, сурвалжлах нөхцөлийг өргөжүүлэх

Чуулганы дүрс дамжуулалтын дор хаяж нэг сувгийг танхимын ерөнхий дүр зургийг тасралтгүй харуулдаг байдлаар ажиллуулах, албан ёсны найруулгатай дүрс дамжуулалтаас гадна парламентын сэтгүүлч, зураглаачид хуралдааны үйл явцыг бие даан ажиглаж, дүрс мэдээ бэлтгэх зохистой нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй. Хэвлэл мэдээллийн нэвтрэх, сурвалжлах журмыг тодорхой, нийтэд нээлттэй, ялгаварлалгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

13. УИХ-ын гишүүд болон парламентын үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар нээлттэй болгох

Улсын Их Хурал, Тамгын газар болон гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой төсвөөс санхүүжүүлсэн зардлын ангилал, зориулалт, гүйцэтгэлийг хуульд заасан нууцлал, хувийн мэдээллийн хамгаалалтыг ханган, дэлгэрэнгүй, ойлгомжтой, жил хооронд харьцуулж болохуйц, дахин ашиглах боломжтой мэдээллээр нийтэлдэг болох шаардлагатай.

14. Парламентын хэлэлцүүлгийг бодит бодлогын мэтгэлцээн, олон байр суурийг сонсох үндсэн талбар болгон бэхжүүлэх

Хуулийн төсөл, төсөв болон бодлогын томоохон асуудлын хэлэлцүүлгийг хэт формаль, хугацаанд шахагдсан үйл ажиллагаа болгохгүй байх, өөр байр суурь, цөөнхийн санал, нотолгоонд суурилсан мэтгэлцээнийг зохистой хэмжээнд хангах, хэлэлцүүлгийн тэмдэглэл, дүрс бичлэг, саналын томьёолол болон санал хураалтын үр дүнг бүрэн нээлттэй байлгах нь зүйтэй.

15. УИХ-ын гишүүний чөлөөт мандат, бие даасан байдлыг хамгаалж, парламентын институцийн хараат бус байдлыг сулруулах зохицуулалтаас сэргийлэх

УИХ-ын гишүүний Үндсэн хууль, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцэх, асуулт асуух, санал гаргах, байр сууриа илэрхийлэх, санал өгөх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарлах дотоод дүрэм, сахилгын болон бусад механизм бий болгохоос зайлсхийх шаардлагатай.

‍