Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.09.25/ “Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо.
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026” хүрээнд болж буй бага хурал нь бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болсон малчдын залгамж халааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, бодлогын түвшинд хэлэлцэж, гарц шийдлийг тодорхойлох, улс орон, бүс нутгийн сайн туршлагыг хуваалцах, бодлого болон амьдралд хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахад чиглэжээ.
Байнгын хорооны дарга М.Мандхай бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үр дүн нь бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, малчдын залгамж халааг бэлтгэх, байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн тогтолцоог төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, ган зуд, бэлчээрийн доройтол, усны хүртээмж, малын тоо толгойн зохистой менежмент, зах зээлийн тогтворгүй байдал, үйлдвэрлэлийн бүтээмж, малчдын орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмж зэрэг асуудал нь биднээс шинэ хандлага, шинэ шийдэл шаардаж байгааг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын хувьд бэлчээрийн тогтвортой ашиглалт, даац, газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, малчдын амьжиргаа зэрэг нь үндэсний хэмжээний тэргүүлэх асуудлын нэг болоод байгааг Байнгын хорооны дарга тодотгосон. Иймд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хувьд бэлчээрийн зохистой ашиглалт, байгаль орчны хамгаалал, мал аж ахуйн тогтвортой хөгжил, хүнсний хангамж, малчдын амьжиргаа зэрэг асуудлыг хууль эрх зүйн хүрээнд анхаарч ажиллах нь чухал зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Цаашлаад хууль тогтоомж, төрийн бодлого нь малчин өрхийн бодит амьдрал, орон нутгийн онцлог, шинжлэх ухааны үндэслэл, байгаль орчны даацтай уялдах ёстой гэж байлаа.





.jpg)

.jpg)








