Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүний санаачилсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг дэмжлээ.
Хуулийн төсөлд хиймэл оюун, технологийн дэвшлийг нэвтрүүлэх буюу Техник технологийн хурдтай хөгжлийг дагаж худалдан авах ажиллагаанд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Цаашид хиймэл оюуныг бараа, ажил, үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх, тендер нээх, тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх, тендер шалгаруулалтын мэдээллийг ил болгох, хуульд заасан хураангуй жагсаалт үүсгэхэд ашиглах замаар худалдан авах ажиллагаанд хүний оролцоог бууруулах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ.
Мөн эх оронч худалдан авалтыг дэмжих талаар Ерөнхийлөгч, парламент, Засгийн газраас санаачилсан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг эх оронч худалдан авалтаар дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа. Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж одоогийн хуулийн сайн зохицуулалтуудыг бүрэн хадгалж давуу эрхийн зөрүү тооцох аргачлалыг боловсронгуй болголоо.
Мөн дотоодын барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй базөвхөн Монгол бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөнө. Засгийн газар чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталж, чанартай, стандартад нийцсэн дотоодын барааг цахим дэлгүүрт байршуулж, төрийн байгууллагад тогтмол нийлүүлэх боломжийг бий болгоно. Улаанбаатар хотоос бусад орон нутагт байнгын үйл ажиллагаа явуулдаг, тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгодог үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг захиалагч тухайн үйлдвэрлэгчээс шууд худалдан авах боломжийг бүрдүүлэхээр оруулж ирлээ.

Хуулийн төсөлд өрсөлдөөнийг хязгаарладаг эрх зүйн зохицуулалтыг өөрчлөхөөр тусгаж, 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход баталгаа ирүүлэх шаардлагагүйг онцлов.
Цаашлаад худалдан авах ажиллагаанд хиймэл оюун, технологийн дэвшлийг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ мэдээллийн технологи, интернэтэд суурилсан тендер шалгаруулалтын аргуудыг шинээр нэвтрүүлнэ гэв.Байнгын хорооны гишүүд худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод болгох, гадныулс орны туршлагыг нэвтрүүлэх, эх оронч худалдан авалтыг дэмжих шаардлагатайг сануулж байв.

















