Хүн залуу байхдаа тэтгэврийн талаар төдийлөн боддоггүй. Өнөөдрийн цалин, сарын зээл, өрхийн хэрэглээ, хүүхдийн сургалтын төлбөр гээд анхаарах зүйл олон. Харин тэтгэвэрт гарах нас ойртох үед л олон жилийн өмнөөс төлсөн нийгмийн даатгалын шимтгэл ямар үр дүнтэй байсныг анзаарч эхэлдэг.
Нийгмийн даатгалын багц хуульд 2026 оны долдугаар сарын 2-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, зарим зохицуулалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Шинэчлэлийн хүрээнд анх удаа даатгуулагчийн шимтгэлийг хөнгөлөх, оюутан суралцагчдыг тодорхой нөхцөлөөр шимтгэлээс чөлөөлөх, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих, суурь тэтгэвэр олгох зэрэг олон өөрчлөлт тусжээ.
Эдгээр нь өнөөдрийн иргэд, ажил олгогчдод бодит дэмжлэг болох боломжтой. Гэхдээ нэг асуулт зайлшгүй гарна.
Шимтгэлээ өнөөдөр бага төлөх боломж нь маргааш авах тэтгэврийн хэмжээнд хэрхэн нөлөөлөх вэ?
Шимтгэлээс чөлөөлөгдөх нь ямар утгатай вэ?
Шинэ зохицуулалтаар нийгмийн даатгалд өмнө нь огт хамрагдаж байгаагүй иргэн анх удаа сайн дураар даатгуулахад тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлөхөөр болжээ. Мөн 15-24 насны тодорхой хөтөлбөрт суралцаж буй, хөдөлмөр эрхэлдэг оюутан, суралцагч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын зарим шимтгэлээс чөлөөлөгдөж болно.
Оюутнуудын хувьд нэг чухал нөхцөл бий. Чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шимтгэл төлөхгүй байх сонголт хийсэн ч ирээдүйд тухайн хугацаагаа нөхөх боломжийг хуульд тусгасан байна.
Гэхдээ иргэд хөнгөлөлт, чөлөөлөлтийг зөвхөн өнөөдрийн орлогоосоо хасагдах мөнгө багасах талаас нь харах учиргүй.
Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, төлсөн орлого нь ирээдүйн тэтгэвэр тогтооход чухал нөлөөтэй. Тиймээс тухайн хөнгөлөлт ямар хугацаанд үйлчлэх, нөхөн төлөх боломжтой эсэх, нөхөн төлөхгүй бол ямар үр дагавартайг урьдчилан ойлгох хэрэгтэй.
Тэтгэвэр бодох арга ч өөрчлөгдөнө
Шинэчлэлийн бас нэг чухал хэсэг нь тэтгэвэр тогтооход ашиглах цалингийн дундаж хугацаа юм. Өмнө нь дараалсан таван жилийн цалин хөлсний дунджаар тэтгэвэр тогтоодог байсан зохицуулалтыг үе шаттайгаар арван жилд хүргэхээр тусгажээ.
Энэ өөрчлөлт ирээдүйн тэтгэврийн хэмжээнд нөлөөлөх боломжтой. Ялангуяа ажил мэргэжлээ сольдог, цалин нь хөдөлмөрийн замналынхаа туршид ихээхэн өөрчлөгддөг хүмүүсийн хувьд тэтгэвэр тооцох зарчмыг сайн ойлгох шаардлагатай. Гэхдээ арван жилийн дундажид шилжих нь хүн бүрийн тэтгэврийг заавал бууруулна гэж шууд дүгнэж болохгүй. Үр дүн нь тухайн хүний цалин, шимтгэл төлсөн хугацаа, цалингийн өөрчлөлтөөс хамаарна.
Мөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ нэг хувийг сайн дураар хуримтлуулах, улсын төсвөөс хуримтлалын 50 хувьтай тэнцэх урамшуулал авах зохицуулалт орсон. Энэ нь ирээдүйн тэтгэврийн орлогоо нэмэгдүүлэх нэмэлт боломж юм.
Тэтгэвэр бол зөвхөн ирээдүйн асуудал биш
Шинэчлэлийн хүрээнд суурь тэтгэврийн зохицуулалт ч орсон. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс тодорхой шалгуур хангасан тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгож эхлэхээр болсон байна. Харин багц хуулийн бусад гол өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Энэ бүхнээс харахад нийгмийн даатгал бол зөвхөн цалингаас сар бүр суутгадаг мөнгө биш. Өнөөдрийн хөдөлмөр эрхлэлт, ажил олгогчийн зардал, ирээдүйн амьжиргааны баталгааг холбож байдаг тогтолцоо юм.
Мэдээж шимтгэлийн дарамт өндөр байгаа ажилтан, жижиг бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт хэрэгтэй. Гэхдээ шимтгэл төлөх хугацаа, тэтгэврийн тооцоолол, хуримтлалын зарчим нь иргэдэд ойлгомжтой байх ёстой. Хөнгөлөлт эдэлж байгаа хүн өөрийн ирээдүйн тэтгэврийн эрхэд ямар өөрчлөлт гарахыг мэддэг байх нь чухал.
Тэтгэврийн тухай бодохыг өндөр насанд хүрсэн хойноо эхлэх хэрэггүй. Өнөөдөр төлж байгаа шимтгэл, гаргаж байгаа сонголт бүр ирээдүйн амьдралын баталгаатай холбоотой. Тиймээс шинэчлэлийн жинхэнэ үр дүн нь зөвхөн хэдэн хүнийг шимтгэлээс чөлөөлсөн, хэдэн төгрөгийн тэтгэвэр нэмсэнээр хэмжигдэхгүй. Харин иргэдэд ирээдүйгээ өөрсдөө төлөвлөх, ойлгомжтой бөгөөд найдвартай тогтолцоонд оролцох боломж хэрхэн бүрдүүлж байгаагаар хэмжигдэх учиртай.
Бидэнд асуулт байна.
1. Оюутны хувьд 26 нас хүрэхээс өмнө нөхөн төлөх боломжтойг хуульд заасан. Харин нөхөн төлөөгүй тохиолдолд тэтгэврийн эрх, хугацаанд хэрхэн тооцохыг хуулийн заалтаар нарийвчлан баталгаажуулах шаардлагатай.
2. Таван жилээс арван жилд шилжихт тусгасан. Арван жилийн дундаж цалингаар тэтгэвэр бодох шилжилт одоо ажиллаж буй иргэдэд яг хэрхэн үйлчлэх вэ?
3. Суурь тэтгэвэрийн хувьд 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй энэ зохицуулалтыг 2027 оноос хэрэгжих бусад өөрчлөлтөөс тусад нь тайлбарлах нь зөв болов уу?!














