Ардын намын дотоод асуудал төрийн зовлон болтлоо улстөржиж байна. Иргэдийг төлөөлж суугаа гишүүд нь эрх мэдлийн төлөө улайрахдаа хууль дүрмийг яаж уландаа гишгэж байгааг сүүлийн өдрүүдэд Монголын ард түмэн хангалттай харлаа. Утаа, түгжрэл, төсөв, өвлийн бэлтгэл хоолойд тулсан ч улс орны асуудалд санаа чилээж, тоож байгаа хүн алга. Дарга болох гэж гүйлдсэн хүмүүсээр Төрийн ордон дүүрч байна. Намын зөрчлөө төрийн зовлон болтол даамжруулж яваа улстөрчдийн бараан баримтыг цувралаар хүргэж байна. Эхнийх нь Ерөнхий сайд Г.Занданшатар.

1.Баянхонгор-Шаргалжуутын авто замын 66.4 тэрбумын тендерийг өөртөө зориулж санаачлаад өөрөө авчээ

-Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа буюу 2024 онд Баянхонгор-Шаргалжуут чиглэлд 54.1 км авто зам тавиулахаар улсын төсөвт 66.4 тэрбум төгрөг суулгасан. Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны тавдугаар сард Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын ажлыг хоёр багц болгож тендер зарлаж, багц-1 буюу 25 км авто замын 30 тэрбум төгрөгийн тендерт “Бридж бюлдинг” ХХК шалгарчээ. Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын багц-2 буюу 29.1 км авто замын 36 тэрбум төгрөгийн тендерт өнөөх “Бридж бюлдинг” ХХК болон “Их богд зам” ХХК-ийн түншлэл шалгарсан.

Харин Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын 66.4 тэрбум төгрөгийн тендерийг авсан “Бридж бюлдинг” ХХК-ийг Даваадоржийн Сүхбаатар, Пүрэвээгийн Мөнхзориг эзэмшдэг. Харин “Их богд зам” ХХК-ийг Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайхан эзэмшдэг.

Тэгвэл “Бридж бюлдинг” ХХК-ийг эзэмшигч Даваадоржийн Сүхбаатар, Пүрэвээгийн Мөнхзориг хоёр нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл, Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы охин М.Цэрэнлхам хоёртой “Стар конкрит” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэгээд болоогүй, Д.Сүхбаатар, П.Мөнхзориг хоёр нь Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы “Их богд зам” ХХК-д ажилладаг байжээ.

Д.Мөнхсайхан 2020 онд Баянхонгорын Засаг дарга болохдоо Д.Сүхбаатар, П.Мөнхзориг хоёрын нэр дээр “Бридж бюлдинг” ХХК-ийг байгуулж, улмаар 2021 онд Г.Занданшатарын санаачилсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын шинэчлэлтийн 5.0 тэрбумын тендерийг анх энэ компаниар дамжуулсан авсан байна.Үндсэндээ өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн санаачилсан Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын 66.4 тэрбум төгрөгийг өөрөө авсан байна.

2.Хүүгийнхээ хамтрагчаар бродюрын тендерээс 7.3 тэрбумыг хумсалсан

Г.Занданшатарын хүү З.Алтангэрэлтэй “Стар конкрит” ХХК-ийг хамтран эзэмшигч Д.Сүхбаатар, П.Мөнхзориг хоёрын “Бридж

"Бридж бюлдинг” ХХК нь Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл 2024 оны зургадугаар сард Нийслэлийн замын хөгжлийн газраас “Тэмээтэй хөшөөний уулзвараас зүүн тийш Е-мартын уулзвар хүртэл замыг шинэчилж, бродюр солих 7.3 тэрбум төгрөгийн тендер зарлаж, “Бридж бюлдинг” ХХК шалгарсан.

Тэгвэл бродюрын 7.3 тэрбум төгрөгийн тендерт “Бридж бюлдинг” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын аав Б.Батсайханы төрсөн ах Б.Батбаярын хүү нь “МИАТ”-ын захирал Б.Мөнхтамир. Энэ бүхнээс харвал, Г.Занданшатарын хүү З.Алтангэрэлтэй “Стар конкрит” ХХК-ийг хамтран эзэмшигч Д.Сүхбаатар, П.Мөнхзориг нарын орон нутгаасаа “холдож” үзээгүй “Бридж бюлдинг” ХХК нь Улаанбаатар бродюр солихоор ирж, 7.3 тэрбум төгрөгийн тендер авсан нь Г.Занданшатарын оролцоотой гэдэг нь тодорхой болж байна.

3.Камбож улсаас “Митайм” компанийг оруулж ирж, эрчим хүчний том төслүүдийг хуу хамахаар улайрч байна

-Камбож улсын “Митайм” компани Монголын эрчим хүчний салбарын бүх том төслүүдэд оролцож эхэлсэн. “Митайм” компани нь Камбож улсад байгуулагдсан, Tian Haoming гэх Хятад иргэн эзэмшдэг гэхээс өөр мэдээлэл хаана ч байхгүй.

Гэтэл “Митайм” компани нь эрчим хүчний салбарын хамгийн том төсөл болох Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станцын төслийн эхний ээлжийн 300 МВт-ын станцыг барих 2.4 их наяд төгрөгийн тендерт оролцоод шалгарсан. Хамт өрсөлдөөд ялагдсан “Моннис групп”-ээс “Митайм” компанийг хууль бусаар шалгарсан гэж шүүхэд хандаад буй юм. Шүүхийн маргаанаас болоод Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станцын төслийн эхний ээлжийн 300 МВт-ын станцын тендер цуцлагдаж, одоогоор царцчихаад буй.

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг болох, Баянгол дүүрэгт баригдах 300 МВт-ын хүчин чадалтай “ДЦС-5”-ын 600 сая ам.долларын тендерийг өнгөрөгч тавдугаар сард зарласан. Гэтэл өнөөх л Камбожийн “Митайм” шалгарсан. Тэгвэл Камбож улсад бүртгэлтэй “Митайм” компанийг Монголд оруулж ирсэн, эрчим хүчний салбарын бүх мега төслийн тендерт зүтгүүлж байгаа хүн нь Ерөнхий сайд Г.Занданшатар байх хангалттай сэжүүр бий.

Нэгдүгээрт, Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх хугацаанд Ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар нь ажиллаж байсан С.Зоригт, түүний төрсөн дүү нь С.Гарьд.  С.Гарьдын эхнэр Б.Ариунжаргалын “Жи Эй Ар Ий Дэ интернэшнл” ХХК-ийн хаяг дээр Камбожийн “Митайм монголиа” ХХК давхар бүртгэлтэйгээр байгуулагдаж, Монголд анх орж ирсэн.

Хоёрдугаарт, Г.Занданшатарын зөвлөх С.Зоригтын төрсөн дүү С.Гарьдын “Райд Монголиа” ХХК нь Сэлэнгэ аймгийн төвд 60 га газарт 50 МВт-ын дулааны станц барьж байгаа. Туслан гүйцэтгэгчээр “Митайм монголиа” компани ажиллаж байгаа.

Гуравдугаарт, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг “Тосон энержи” ХХК-аараа Завхан аймагтаа 30МВт-ын “Тосон” дулааны станцыг барьж, энэ оны нэгдүгээр сард эрчим хүчний системд холбосон. Ц.Цэрэнпунцагийн 130 гаруй  тэрбум төгрөг зарцуулсан “Тосон” дулааны станцын туслан гүйцэтгэгчээр “Митайм монголиа” ХХК ажилласан. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр тэртээ 2015 онд “Монголиан силикон валли” ХХК-ийг хамтран байгуулж, халаасаа нэгтгэсэн эртний хамтрагчид.

Дөрөвдүгээрт, Ерөнхий сайд Г.Занданшатар саяхан Эрчим хүчний яаманд ажиллахдаа “Цахилгаан станц барих төслүүдийг бүх талаар дэмжих чиглэл өгч байна. Хувийн хэвшилтэй хамтарч станц барих бүрэн боломжтойг Тосонгийн, Сэлэнгийн станцын төслүүд бодитоор харуулж байна” гэж онцолсон. Өөрөөр бол, Ерөнхий сайд Г.Занданшатар “Митайм” компанийн барьсан Ж.Цэрэнпунцагийн “Тосон” станц, “Митайм”-ыг барьж байгаа С.Гарьдын Сэлэнгийн станцыг ихээхэн онцолж сайшаасан.

Тавдугаарт, “Митайм”-ыг Монголд оруулж ирсэн Г.Занданшатарын зөвлөх С.Зоригтын төрсөн дүү С.Гарьд нь Тэргүүн шадар сайд Н.Учралын бизнесүүдийг нь хариуцдаг үеэл ах П.Чинбатынх нь баз хүргэн. Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо Н.Учралыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар залсан нь ардаа “Митайм”-ыг хамтдаа зүтгүүлэх ашиг сонирхолтой байх магадлалтай.

Зургадугаарт, “Митайм”-ыг Монголд оруулж ирсэн Г.Занданшатарын зөвлөх С.Зоригтын төрсөн дүү С.Гарьд нь “Тунгалаг өнгө” ХХК-ийг эзэмшиж байгаад, өнгөрөгч 2024 онд Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы охин М.Цэрэнлхамын нэр дээр шилжүүлсэн. “Тунгалаг өнгө” ХХК нь Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы охин М.Цэрэнлхам, Г.Занданшатарын хүү З.Алтангэрэлийн “Стар конкрит” ХХК давхар бүртгэлтэй байдаг.

4. Ерөнхий сайд Г. Занданшатар Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчидтэй “сүлбэлдсэн” үү

Нэгэн цагт У.Хүрэлсүхтэй МАСЗХ буюу одоогийн НАМЗХ-нд хамт ажиллаж, тус холбоог хамт өөрчлөн байгуулалцаж, түүнийг “хормойдон” явсаар УИХ-ын даргын албан тушаалыг хашиж байсан, өдгөө Ерөнхий сайд буюу төрийн гурван өндөрлөгийн нэг болчихсон сууж байна. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарын төрсөн эгч, дүүсийгээ төрийн албан дахь томилгоо болон Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчидтэй сүлбэлдсэн байж болзошгүй баримтуудыг дэлгэж байна.

- Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэлийн бизнесийн хамтрагч Ш.Мөнхнаст улсад 130 тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банк, Хөгжлийн банканд 13.7 тэрбум төгрөгийн өртэй “Мондулаан трейд” ххк-тай холбогдох нь

Ерөнхий сайд Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэл “Часүм” ХХК, “Монитор консалтинг групп” ХХК, “Нэгүн кашмер” ХХК, “Гэрэлт монгол сан” ТББ-ыг эзэмшдэг. Түүний энэ компаниудаас “Нэгүн кашмер” ХХК нь ноос, ноолууран хувцасны “Нэгүн” брэндийг гаргадаг гэхээс өөрөөр бусад компанид нь онцгой түүх байхгүй. Гэхдээ Г.Отгонгэрэлийн бизнесийн хамтрагчид нь тун сонирхолтой хүмүүс байдаг ажээ. Тодруулбал, Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэлийн “Монитор консалтинг групп” ХХК нь “Эс Си Эм Би” ХХК-тай хамтран “Тара кашмер” ХХК-ийг 2023 оныг хүртэл эзэмшдэг байсан. Тэгвэл “Эс Си Эм Би” ХХК-ийг Шийрэвийн Мөнхнаст эзэмшдэг. Мөн Шийрэвийн Мөнхнаст нь “Мондулаан трейд” ХХК-ийг Ц.Баярсайхан, “Нүүдэлчин групп”-тэй хамтран эзэмшигч нэгэн.

Энэ компанийн хувьцаа эзэмшигчид бүгд асуудалтай. Тодруулбал, “Мондулаан трейд” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч “Нүүдэлчин групп” ХХК нь Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Лхамсүрэн, АНУ дахь Элчин сайд Ё.Отгонбаяр нарын гэр бүлийн эзэмшлийн уул уурхайн компани гэдгээрээ танигдсан. “Мондулаан трейд” ХХК-ийн хар түүхийг олонд тоочвол дуусахгүй. Жишээ нь, тус компани 2018 онд “Баянголын аман дахь Зүүн шанд, Улаан шивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл”-өөр Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргүүлж төлөөгүй хар түүхтэй.

Түүнчлэн, “Мондулаан трейд” ХХК-ийн бас нэг хувьцаа эзэмшигч Ц.Баярсайхан нь ”Чингис хаан” банкны гол хувьцаа эзэмшигчдийн нэг. Чингис хаан банк нь улсад Нийгмийн даатгалын сангийн тэргүүтэй 280 орчим тэрбум төгрөгийн өртэй хар түүхтэй. Тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханы хувьд МАН-ын гишүүн Буднямын Батхүүгийн эхнэр. Тэгээд болоогүй Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай дотно найзууд, нөхөр Б.Батхүү нь А.Соёлмаатай хамт “Ньюгоби гейт” ХХК-ийг хамтран эзэмшдэг байсан (татан буулгасан) гэх мэтээр олон талаар холбогддог.

Гэтэл Хөгжлийн банканд 13.7 тэрбум төгрөгийн өртэй “Мондулаан трейд” ХХК, улсад 130 орчим тэрбум төгрөгийн өртэй “Чингис хаан” банктай холбогддог Ш.Мөнхнаст нь Ерөнхий сайд Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэлтэй бизнесийн хамтрагч байх нь санамсаргүй тохиолдол байж болох уу.

Тэгээд болоогүй, “Чингис хаан” банктай холбогддог Сангийн сайд Б.Жавхланг Монголбанканд байхаас нь Ерөнхий сайд Г.Занданшатар дээш нь татсан, төрд оруулсан гэх яриа бий. Энэ мэт сэжмээр Ерөнхий сайд Г.Занданшатар Хөгжлийн банкны зээлдэгч, улсад учруулсан хохирлоо төлдөггүй банк тэргүүтнүүдтэй хөшигний цаана “гар барьсан” байж болзошгүй баримтууд гарч ирсээр байна.

Түүнчлэн Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэлийн бас нэг бизнесийн хамтрагчийг танилцуулъя. Г.Отгонгэрэл “Нэгүн кашмер” ХХК-ийг Батсуурийн Гансувдтай хамт эзэмшдэг. Б.Гансувд нь мөн “Гала кашмер” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд “Баянгол, XVII хороо, 4 хороолол, Амарсанаа, 40с, 93 тоот” гэх хаяг дээр бүртгэлтэй байдаг. Энэ хаяг дээр иргэн Дэндэвбаатар Алтансүхийн эзэмшлийн гурван компани бүртгэлтэй байдаг бөгөөд бүгд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй.

Тодруулбал, Д.Алтансүхийн “Шижирмэг орд” ХХК нь “Элст хөндий-1”, “Элст хөндий - 2” хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, “Буман алт” ХХК нь “Хөндий”, “Шар шороот” гэх хоёр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, гадныхантай хамтарсан “Жи би Лийз” ХХК нь “Их ажир” ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй.

-Ерөнхий сайд Г.Занданшатар “хуурамч диплом”-ын хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан төрсөн эгчийгээ ИНЕГ-ын лабораторийн даргаар томилуулсан уу

-Ерөнхий сайд Г.Занданшатарын төрсөн эгч Гомбожавын Батцэцэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжилзүйн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан. Г.Батцэцэг 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Чингисийн өвөлжөө” ХХК-ийг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна. Тэгвэл уг компанийг Ерөнхий сайд Г.Занданшатар 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаж байжээ.

Г.Занданшатарын эгч Г.Батцэцэг нь ИНЕГ-ын харьяа Оношилгоо, хэмжилзүйн лабораторийн даргаар томилогдохоосоо өмнө цөөнгүй асуудалд холбогдож, албан тушаалаасаа ч чөлөөлөгдөж байв. Гэтэл төрийн албанд дарга хийсэн байгаа нь төрсөн дүү Г.Занданшатарынх нь нөлөө байж болох. Тодруулбал, Г.Батцэцэг өмнө нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлаар ажиллаж байгаад 2015 оны есдүгээр сард чөлөөлөгдөж байв. Тухайн үед Г.Батцэцэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, садан төрлийн холбоотой хүмүүсийг өөрийн удирдлага дор ажиллуулж, цалин давхар олгож байсныг нь АТГ-аас тогтоосон гэдэг. Мөн хамгийн ноцтой нь 1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр төгссөн гэх хуурамч диплом ашиглаж байсан нь илэрсэн гэж шуугиж байв. Ингээд АТГ-аас Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу тухайн үеийн ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлж, улмаар Б/165 дугаар тушаалаар Г.Батцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг.

ИНЕГ-ын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үндсэн зорилготой. Тухайлбал, цаг уурын автомат станцын хэмжилт, тохируулга, радио, цахилгаан хэмжих хэрэгслийн тохируулга, барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн гардуулгын хэмжилт зэргийг хариуцдаг чухал хэсэг юм. Товчхондоо, хэрвээ Г.Занданшатар төрсөн эгчдээ албан тушаал “бэлэглэх” зорилгоор энэ албан тушаалд суулгасан бол Монголын нисэхийн салбарын амин судсыг хууль бусаар бусдын гарт атгуулжээ гэсэн үг.

5. “Эрдэнэс тавантолгой” компанийн хамгийн өндөр төсөвтэй 322 тэрбумын тендерийг Ц.Анандбазар авах нь

УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар нь Г.Занданшатарыг Ерөнхий сайд болсноос хойш орон тооны бус зөвлөхөөр  нь ажилласныг хэвлэлүүд гаргаж тавьсан.  Ялангуяа ОХУ-аас авах түлш, шатахууны асуудалд Г.Занданшатар Ц.Анандбазарын зөвлөгөөг тусгайлан сонсож байгааг ч мэдээлж байна.  

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар, зөвлөх Ц.Анандбазар хоёрын хоршил, хамтралын цаадах нууц тайлагдлаа. Зөвлөх Ц.Анандбазар нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 322 тэрбум төгрөгийн тендер авч, хэзээ мөдгүй гэрээгээ үзэглэхээр болсон нь ихээхэн өндөр төсөвтэй тендер нь юм.  

Ц.Анандбазар “Содмонгол групп”, “Интерстандарт нефть” гэх хоёр компаниараа “Эрдэнэт”-ээс 2019-2024 онд буюу таван жилийн хугацаанд 253 тэрбум төгрөгийн тендер цувуулж авч байсан. Харин нэг удаад 322 тэрбум төгрөгийн тендер авсан нь энэ 322 тэрбум бололтой.

Ерөнхий сайд Г.Занданшатар долдугаар сарын 9-нд 26 дугаар тогтоол гаргаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилсон. Харин ахлагчаар У.Бямбасүрэнг томилсон. Үүнээс 10 хоногийн дараа буюу долдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн биеэр Өмнөговь дахь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн оффист очиж, үүнээс хойш 11 хоногийн дараа буюу наймдугаар сарын 1-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас Түлш, шатахуун худалдаж авах 322 тэрбум төгрөгийн тендер зарласан.

Улмаар есдүгээр сарын 17-нд Ц.Анандбазарын “Содмонгол групп” ХХК-ийг шалгаруулсан байна. Ингэхдээ “Шунхлай” болон “Петровис”-ийн харьяа “НИК”-ийг “Өндөр үнийн санал өгсөн” шалтгаанаар хасаж, харин Ц.Анандбазарыг “Содмонгол групп”-ыг шалгаруулан гэрээ байгуулахаар болжээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тухайд байгуулагдсанаасаа хойш анх удаа ийм өндөр төсвөөр буюу 322 тэрбум төгрөгөөр Түлш, шатахуун авах тендер зарласан нь энэ болж байна.

“Эрдэнэс тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчаар У.Бямбасүрэнгийн тухайд, Г.Занданшатарыг МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Мөн Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байх үед дэд даргаар нь ажиллаж байсан.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онц дэглэм тогтоож, өөрийн хүнийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчаар тавьж, тэр нь 322 тэрбум төгрөгийн тендер зарлаж, түүнд нь Г.Занданшатарын зөвлөх Ц.Анандбазар шалгарсан нь, ингэхдээ яг онцгой дэглэмийн хугацаанд багтаж шалгарсан нь хардлага дагуулж байна.

Г.Занданшатар, Ц.Анандбазар хоёрын бусад холбоосуудыг харвал, Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаа нь 2015 онд Г.Занданшатартай хамтран “Монголиан силикон валли” ХХК-ийг байгуулсан. “Монголианг силикон валли” ХХК нь Мэдээлэл технологийн үндэсний паркийн 207 тоотод оффислож байсан.  Ц.Анандбазар 2010 оноос хойш Мэдээлэл технологийн үндэсний паркийн 1, 2-р давхрыг Төрийн өмчийн хорооноос түрээсэлж, “Өргөө” кино театр болох компаниудаа оффислуулж ирсэн.

- 2012 онд Ц.Анандбазар Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж шав тавихад Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатар тусгайлан очиж тууз хайчилж байсан, 2012, 2016 онд УИХ-д нэр дэвших гээд бүтэлгүйтсэн Ц.Анандбазарт 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатыг Г.Занданшатар олж өгсөн.  Ц.Анандбазар, Г.Занданшатар хоёр хамтран “Богд Зонхов” бурхны хөшөөг улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр бариулахаар зүтгүүлж, 2022 оны улсын төсөвт суулгаж байв.