Морьт харвааны Намнаа академи болон Талын Дайчид клуб хамтран зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 5 хүртэл 14 хоногийн үнэ төлбөргүй сургалт зарлалаа. Тус сургалт Жаргалантын аманд болох бөгөөд Монголын Үндэсний морьт харвааг үүсгэн байгуулагч Б.Болдбаатар “Морьт харвааны морьд хулгайлагдаж эцэст нь бойнд орж махлуулж үхэж, үрэгдэж дууссан эмгэнэлт үйл явдалд Монголчууд санаа тавьж Морьт харваа хэмээх өв соёл, уламжлал, спорт байдгийг олж мэдэцгээлээ…
Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж, моринд хайртай олон сайхан хүмүүс хүлэг морьдоо бэлэглэх санал санаачлага эхлүүлсэнд баярлалаа.
Морь бэлэглэх боломжгүй ч арав таван төгрөг өгж сэтгэлээн тайтгаруулах гэсэн сайхан сэтгэлт Монгол ахан дүүсийнхээ хүсэлт шаардлагыг хүлээн авж Алтанхуяг багш бид хоёр өчигдөр 24 цагийн хугацаанд Хандивийн аян өөр өөрийн дансанд нээлээ…
Хандивийн хугацаанд миний дансанд 3 сая гаруй төгрөг цугларсан байна.
Энэхүү төсөв мөнгөөр 6 сарын 20-с, 7 сарын 5-г хүртэл Намнаа академи болон Талын Дайчид клуб хамтарж үнэ төлбөргүй Морьт харвааны сургалтыг 14 хоногын хугацаанд зохион байгуулна. Хүн бүрт нээлттэй тул сонирхсон бүхэн зорин ирэх боломжтой. Анхан шатны сургалт 2 цаг үргэлжилнэ. Нум, сумаар харвах, хурдан сумалгааны техник, морь унаж сурах гэсэн хөтөлбөрүүд явагдана.
Хандивын аян хөдөлгөөнийг бидний зүгээс өнөөдрөөр хааж дуусгавар болгож байгаагаа албан ёсоор зарлаж байна.
Морьдоо алдсан эмгэнэлт өдрөөс хойш 3 өдөр үргэлжилсэн хандивийн хүрээнд Миний дансанд 3 сая гаруй төгрөг, нийт 12 тооны морьд цугларлаа…
Бид наймдугаар сарын дундуур 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнээ зохион байгуулж дуусгаад есдүгээр эхээр хандивлагч нартаа зориулсан өдөрлөг зохион байгуулж бидэнд хандив илгээсэн бүх хүмүүсдээ Н. Алтанхуяг багшийн МОНГОЛ ХАРВАА НАМНАА номыг бэлэглэх болно. 9 сарын дундаас Намнаа академи болон Талын дайчид клуб хамтран Монгол улсын 21 аймагт хүрэлцэн очиж сургалт явуулж, нум, сум, хоромсого, саадаг бэлэглэх болно. Энэ бүхэнд та нарын минь сэтгэл шингээн илгээсэн мөнгө, төгрөг зарцуулагдах юм шүү” гэлээ.