Х.Золжаргал

Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимийн багш, олон улсын харилцааны докторант

2025 оны 6-р сарын 3-ны өдөр болсон Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Ерөнхийлөгчийн 21 дэх удаагийн сонгуульд Солонгосын Ардчилсан Намын (АН)-аас нэр дэвшсэн И Жэ Мён үнэмлэхүй ялалт байгуулсан. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон сонгогчдын ирц 79.38 хувьтай байсан бөгөөд нэр дэвшигч И Жэ Мён сонгуульд оролцож саналаа өгсөн нийт иргэдийн 49.42 хувийн санал буюу 17,2 сая иргэдийн саналыг авсан нь 1997 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлсэн.

Ийнхүү И Жэ Мён иргэд, сонгогчдын хатуу дэмжлэгийг авч Үндэсний Ассамблейг эвтэйхэн хяналтандаа байлгаж Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон нь тус улсын өмнөх үеийн Ерөнхийлөгч нарт олдож байгаагүй алтан боломж юм.
Photo credit: The Mainichi БНСУ-ынЕрөнхийлөгч И Жэ Мён Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба нарын Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан нь

БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖИЛ, ҮЙЛ ЯВЦ ХЭРХЭН ӨРНӨВ?

Нийт 60 хоногийн турш үргэлжилсэн БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын дараа Өмнөд Солонгосын иргэд өмнөх Ерөнхийлөгч Юн Сук Ёолоос үүдэлтэй 6 сарын турш үргэлжилсэн үндсэн хууль, улс төрийн хямрал, импичментийн асуудлын дараа улс төрийн хэвийн нөхцөл байдлын эхлэл тавигдсан гэдэгт найдаж буй нь тодорхой байна. И Жэ Мён 6-р сарын 4-ний өдөр албан тушаалаа хүлээн авсан. Ийнхүү БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн үр дүн, нөхцөл байдлаас шалтгаалан И Жэ Мён дотоод, гадаад бодлогын нэн даруй шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, шийдлийг эрэлхийлэх нөхцөл байдал үүссэн. БНСУ-д өмнөх Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг шийдвэрлэсэн ч сонгуулийн үр дүнгийн дараа сонгогдсон шинэ Ерөнхийлөгчид цаашид улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулах шаардлага зүй ёсоор урган гарсан. Өмнөд Солонгосын иргэд, сонгогчид шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа тус улсын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, дундаж давхаргын орлогыг нэмэгдүүлэх эсэхэд онцгойлон анхаарлаа хандуулж байна.

Photo credit: The KoreaEconomic Daily

И ЖЭ МЁН ГЭЖ ХЭН БЭ?

И Жэ Мён бол БНСУ-ын дэвшилтэт Ардчилсан намын дарга, Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд 2 удаа нэр дэвшиж байсан олон нийтэд танигдсан туршлагатай улстөрч юм. Тэрээр БНСУ-ын Соннам хотын дарга, Кёнги аймгийн захирагчаар ажиллаж байсан. Ийнхүү тэрээр БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Сөүл хотын өмнөд хэсгийн ядуусын дүүрэгт өссөн, дунд сургуулиа орхин хөлсөөр хөдөлмөр эрхэлж, 2005 онд улс төрд орохоосоо өмнө хүний эрхийн хуульч, хөдөлмөрийн идэвхтэнээр хорин жил ажилласан хүний хувьд улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь гайхалтай амжилт юм.
Photo credit: The Japan times Ерөнхийлөгч И Жэ Мён тэргүүн хатагтай Ким Хи Гёон нар Их7 бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сёнгнам дахь Сөүлийн агаарынбаазаас нисэхийн өмнө

БНСУ-ЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЯМАР СОРИЛТУУД ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

1997 оны эдийн засгийн хямралт нөхцөл байдал дунд Ким Дэ Жун Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш И Жэ Мён БНСУ-ын өмнөх Ерөнхийлөгч нараас хамгийн хүнд сорилтуудтай тулгарсан гэж тодорхойлж болно. Өмнөд Солонгосын түүхэнд 2004, 2017 онд 2 удаагийн Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлаар импичментийн хямрал тохиолдож байсан. Тус улсын эдийн засаг 2004 оны БНХАУ-ын эдийн засгийн огцом өсөлт, 2017 онд Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн экспортын өсөлтөд тулгуурлаж байсан боловч өнөөдөр тийм ч таатай нөхцөл байдал бүрдээгүй байна. Харин үүний эсрэг И Жэ Мёны нэн тэргүүнд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бол Украин, Газын зурвас дахь дайны нөхцөл байдал, АНУ-ын тарифын бодлого, БНХАУ-ын экспортын хяналт, Умард Солонгос ОХУ-ын харилцаа батжин хөгжиж буй асуудал бөгөөд эдгээр гадаад хүчин зүйлүүд БНСУ-ын эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдлийг дагуулж байна.

Photo credit: The KoreaEconomic Daily БНСУ-ын Донгдучёон-си дэх АНУ-ын цэргийн бааз

И ЖЭ МЁНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН НЭН ТЭРГҮҮНД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ АСУУДЛУУД ЮУ ВЭ?

И Жэ Мён Ерөнхийлөгчийн Засгийн газрын нэн тэргүүнд анхаарах асуудал нь БНСУ-ын эдийн засаг байх нь ойлгомжтой. БНСУ-ын Төв банк 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бараг тал хувиар буюу (1.5%-0.8%) болгон бууруулсан нь 1987 оноос хойш 4 дэх удаагаа тус улсын эдийн засгийг өсөлтийг 1 хувиас доош бууруулсан үзүүлэлт болж байна. Цаашилбал БНСУ-ын худалдааны хамгийн чухал 2 түнш болох АНУ-БНХАУ-ын худалдааны дайн Өмнөд Солонгосын экспортод суурилсан эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөллийг үзүүлж эхэлсэн. Тухайлбал 2025 оны 5-р сарын байдлаар тус улсын нийт экспорт болон автомашины экспорт 1.3 хувь, 4.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Өмнөд Солонгосоос АНУ, БНХАУ-руу хийсэн экспорт улам бүр хүндэрч 5-р сард 8 хувиар буурсан бол АНУ-ын зах зээлд нийлүүлэх автомашины экспорт өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар буурчээ.

И Жн Мёны өмнөх түр Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 10 хувийн суурь тариф, 25 хувийн автомашины тариф, 25 хувийн автомашины сэлбэгийн тариф, Мексикээс импортлох 25 хувийн тариф, хөнгөн цагаан, гангийн 50 хувийн тариф гэх мэт олон төрлийн тарифыг бууруулахад ахиц дэвшил гаргаагүй.
Photo credit: The KoreaEconomic Daily АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Засгийн газрын төлөөллүүдтэй тарифын хэлэлцээрбайгуулсны дараа 2025.07.31

И ЖЭ МЁН БНСУ-ЫН ГАДААД БОДЛОГЫН АСУУДЛААР ЯМАР БАЙР СУУРЬ БАРИМТАЛЖ БАЙНА ВЭ?

И Жэ Мён БНСУ-аас АНУ-тай харилцах харилцааны чиг шугамаа хоёр улсын холбоотны гэрээг тууштай дэмжигч болгон өөрчилж үүнийг Өмнөд Солонгосын дипломат харилцааны үндэс гэж тодорхойлсон. АНУ БНСУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт энэ оны 6-р сард Канадын Алберта мужид зохион байгуулагдсан “Их-7 бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдах төлөвтэй гэж таамаглаж байсан ч Ерөнхийлөгч Трамп дээд хэмжээний уулзалтыг арай эрт орхин явснаас үүдэн уулзалт болсонгүй. Харин Ерөнхийлөгч И Жэ Мён Японтой харилцах харилцаагаа дахин сэргээж бэхжүүлэх хүсэлтэй байна. БНСУ-ын зүгээс Умард Солонгостой харилцах харилцаагаа дахин сэргээх уриалгыг дэвшүүлсэн ч дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээг нэн даруй төлөвлөх боломжгүй гэдгийг нотолсон. Харин АНУ-БНСУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт Вашингтон хотод 8-р сарын 25-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.

АНУ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД ЮУ ВЭ?

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Вашингтонд 8-р сарын 24-26-ны өдрүүдэд айлчилна. Өнгөрсөн сарын сүүлээр Вашингтон Сөүл хоёр Өмнөд Солонгосын импортод тавих АНУ-ын татварыг 25 хувиас 15 хувь болгон бууруулах худалдааны шинэ хэлэлцээрт хүрсний дараа Трамп И Жэ Мёнтой уулзахаар төлөвлөж буйгаа дурдсан. Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлууд нь аюулгүй байдал, батлан хамгаалах зардлыг хуваах асуудал бөгөөд Өмнөд Солонгост АНУ-ын цэргийн хүчийг байрлуулахад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд голлон анхаарч хэлэлцэх магадлалтай байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албаны зүгээс И Жэ Мёны АНУ-д хийх айлчлалыг төрийн айлчлал бус албан ёсны ажлын айлчлал байх болно гэж мэдэгдсэнийг онцлох нь зүйтэй.

Ерөнхийлөгч И Жн Мёны айлчлалын бүрэлдэхүүнд БНСУ-ын томоохон корпорацийн удирдлагууд, бизнесийн төлөөллүүд багтсан байна. Тэдгээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Самсунг электроникс” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга И Жэ Ён, “Хьюндай мотор групп”-ын гүйцэтгэх захирал Чун Эйсун нар багтсан. Эдгээр бизнесийн төлөөллүүд хоёр улсын хоорондох тарифын хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэснийг онцлох нь зүйтэй. Түүнчлэн тус дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх сэдэвт БНСУ-д байрлах АНУ-ын цэргийн тоог бууруулах асуудал хэлэлцэгдэх өндөр магадлалтай байна. И Жэ Мён АНУ-д айлчлахаасаа өмнө Япон улсын Ерөнхий сайд Шигэрү Ишибатай уулзаж хоёр улсын харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг нухацтай хэлэлцэх төлөвтэй байна. Эцэст нь дүгнэхэд БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч И Жэ Мёны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд АНУ, Япон улс чухал байр суурь эзэлж буй нь тун тодорхой бөгөөд тус улсын дотоод, гадаад бодлогын үндсэн зорилтуудтай шууд холбогдох учиртай.  

Эх сурвалж: Center for Strategic Studies, Council on Foreign relations