Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар 39 настай Н.Учрал томилогдож, урд шөнө тамгаа гардлаа. Ингэснээр Н.Учралын Засгийн газар байгуулагдаж, тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд танхимаа бүрдүүлэх онцгой бүрэн эрхтэй болж байна. Ийм эрх үе үеийн Засгийн газрын тэргүүн нарт Үндсэн хуулиар олгогдсон. Гэвч хачир дээрээ бүгд л аль нэг нам фракцын эрх мэдлийн хуваарилалт, эрх ашгийн хуйвалдааныг сөрж байсан нь үгүй.
Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд тамгаа гардахаас ч өмнө аль хэдийнэ Засгийн газрын хувь заяа зурагдаж, сайдуудын нэрс тодорчихсон бэлэн CV ширээн дээр нь хүлээж байдаг нь нууц биш.
Сайд нарын нэрийг зарлав уу үгүй юу хэд хоног дарсан ганган зурагтай постероо түгээдэг жишиг, жүжиг тогтоод удлаа. Үүнийг өмнөх Ерөнхий сайд нар ил цагаан хэлдэг. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Танхимынхаа сайд нараас ганцхан хүнийг л өөрөө томилсон” гэдгээ хэвлэлд ярихдаа хэлсэн. Дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд ч зарим сайд нараа сольж үзлээ. Заримтай нь ойлголцож, гар нийлж чадахгүй байсаар бүрэн эрхээ дуусгалаа.
Тэгвэл Монгол Улс шинэ Засгийн газрын тэргүүнтэй болохтой зэрэгцээд өнөөх л бүлэг фракцуудын төлөөллийг багтааж шингээх, кнопны шагналаа авах гэсэн улстөрчид сүүлийн хоёр өдөр, шөнө ордноор гүйлдэж өнжив. Эндээс Н.Учралын зовлон эхэлж, тэр үнэхээр Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхээ эдэлж чадах уу, эсвэл ах нарын, аль нэг нам эвслийн, бүлэг фракцуудын эрх ашгийг багтаасан бэлэн “меню” дээр очих уу гэдэг тун удахгүй тодорхой болно. Өөрөөр хэлбэл, ямбыг нь ч эдлээд ялыг нь ч үүрэх учиртай Засгийн газраа Ерөнхий сайд өөрийн хүсэл сонирхлоороо бүрдүүлж чадах уу. Н.Учрал ийм чадамжтай, зоригтой Ерөнхий сайд байх уу гэдгийг олон нийт харж байна. Угаас гар сэтгэл нийлж ажиллах ёстой танхимын сайд нар нь “гадна”-аас томилогдсон Ерөнхий сайд нарын ажил ч урагшилдаггүй гэлцдэг.
Эхний байдлаар түүний чуулган дээр асуугдахдаа хэлснийг харвал хуучин сайдуудыг авч үлдэх бололтой гэсэн таамаглал нийгмийн сүлжээнд хөвөрч байна. Тэрбээр "Хурдтай, шуурхай байдалд минь дасан зохицох, миний хурдыг гүйцэх сайдыг томилно. Засгийн газар сайдыг бэлтгэх алба биш. Ажлын ачаалал үүрч чадах цог золбоотой хүмүүсийг танхимдаа урина. Сөрөг хүчинтэй өрсөлдөхгүй” гэсэн. Хэрэв энэ байдлаараа улс төрийн шуурганд тогтож чадалгүй огцорсон, ажил үйлсээрээ ч гавиагүй. Засгийн газар солигдох болгонд сайдын сэнтийд тухалж, тэр хэрээр ажил нь ч явахаа больж, ард түмэн ч дургүйцлээ илэрхийлж байгаа “хуучин” хүмүүсээсээ салахгүй бол Н.Учрал өнөөх л бэлэн “меню” дээр очиж байгаа хэрэг. Тиймээс шижигнэсэн залуу хүмүүсийг танхимдаа урьж, улс төрийн өмнөх бараан туршлагыг эвдэх хэрэгтэй.
Ийн нийгмийн уур амьсгалыг мэдрэхээс гадна үнэхээр улс орноо бодож буй бол өмнөх Засгийн газрын сайд нар дээр ч “Чөлөөлье” санаачилгаа хэрэгжүүлж бүрэлдэхүүнээр нь чөлөөлөх учиртай. Үгүй бол түүнээс нэг их зүйл хүлээгээд нэмэргүй.
Адилхан л бүлэг фракцын эрх ашигт хүлэгдэж, дахиад хагас жилийн дараа л шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх биз.
















