ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Б.Батцэцэгийг томиллоо. УИХ-д хоёр ч удаа сонгогдсон туршлагатай улс төрч болох Ш.Раднаасэдийг сэлгэж орж ирсэн Б.Батцэцэг нь хуульч мэргэжилтэй аж. Уг гарвал нь Өвөрхангай аймгийн Бүрд сумынх гэх.
Тэрээр 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургуульд эрх зүйч бакалаврын зэрэг, 2014-2015 онд Австралийн “University of Melburne” сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Ажлын гараагаа 2007 онд Хүний эрхийн үндэсний комисст референтээр эхэлж байжээ. 2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга, 2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх, 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт, 2021-2022 онд УИХ-ын гишүүний зөвлөхөөр тус тус ажиллажээ.
Улмаар 2022 оны есдүгээр сараас 2-оос Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж эхэлжээ. Нэхэн сануулахад тус оны наймдугаар сарын 30-нд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар одоогийн Ерөнхий сайд Н.Учрал томилогдож байв.
Б.Батцэцэгийн тухайд хэдхэн сарын дараа буюу 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж эхэлж.
Мөн түүнээс гурван сарын дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сард Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Ингээд ердөө гуравхан жилийн дотор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болтлоо дэвшиж буй нь энэ юм.
Түүнийг Ерөнхий сайд Н.Учралын “хүн” гэдэг. Үүнийг нь ч түүний ажил албаны замналаас нь төвөггүй харж болно. Гагцхүү тэрээр Н.Учралтай дөрөө харшуулсан цагаасаа л яам, тамгын газрын даргын суудлыг сэлгэж эхэлсэн нь бий. Н.Учралаас “уяатай” Б.Батцэцэгийн томилгоонууд ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар зогсох болов уу. Харах л үлдлээ.

















