Шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуулиар намуудын байр байшин, бараа материал, эргэлтийн хөрөнгө, тээврийн хэрэгсэл, компьютер техник төхөөрөмж, биет болон биет бус хөрөнгө, өр, авлага бүгд шилэн болсон. Намууд тухайн оны долоодугаар сард хагас жилийн үйл ажиллагааны санхүүгээ, дараа оны хоёрдугаар сард багтааж жилийн эцсийнхээ санхүүгээ тайлагнах үүрэг хүлээж байгаа. Ингэж тайлан, санхүүгээ Сонгуулийн байгууллагад ил тод илгээснээр төрийн санхүүжилт авах эрх үүсэж буй юм. Намуудын хувийн болон төрийн санхүүжилтийн хамаарал болоод, гишүүдийн татвар, хандив үйл ажиллагаатай хэрхэн нийцэж буйг аудит хянаж тайланг нам болон Сонгуулийн ерөнхий хороо нийтэд ил тод болгох процесстой. Нэг ёсондоо намууд хөрөнгө орлогоо мэдүүлдэг болсон нь 30 жилийн дараа биелэлээ олж буй ч нээлттэй, хариуцлагатай, дотоод ардчилалтай байх эрх зүйн боломж баталгаажлаа гэдгийг экспертүүд онцолж байгаа.

Ийнхүү Улс төрийн намын тухай хуулийн шинэ үйлчлэлээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37-н намаас 28 нь 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Энэ дагуу намуудын хөрөнгө орлогыг хүссэн хүн бүхэн алган дээрээ тавиад харах боломж бүрдэж байна. Тэгвэл улс төрийн намын санхүүгийн тайланд тусгасан тоог харвал эрх баригч буюу МАН 32 тэрбумын хөрөнгөтэй. Харин сөрөг хүчин болох АН нэг тэрбум гаруй, ХҮН 113,7 сая, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 41.2 сая, ШИНЭ нам 23.8 сая, ИХ нам 20 сая, ИЗНН 16.9 сая, Монголын ногоон нам 15.9 сая, Монголын Либериал Ардчилсан нам 14.8 сая зэргээр хөвөрнө. Өөрөөр хэлбэл, МАН-ын хөрөнгө АН-ынхаас 32 дахин их. Хөрөнгийнхөө хэмжээгээр эхний тавд Л.Оюун-Эрдэнэ даргатай МАН, Л.Гантөмөр даргатай АН, Т.Доржханд даргатай ХҮН, Б.Жагар даргатай Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 41.2 сая, Ц.Гантулга даргатай ШИНЭ нам 23.8 сая, Ө.Баяраа даргатай ИХ нам 20 сая төгрөгийн хөрөнгөөр жагсаж байна. Тоймлож хэлбэл, улс төрийн 27 намын хөрөнгө нийлээд 1 тэрбум 344 сая буюу МАН-ын 32 тэрбумын хөрөнгөний дөрвөн хувьтай л тэнцэж байгаа юм.
Эндээс намуудын ХОМ буюу хамгийн их 32 тэрбумын хөрөнгөтэй МАН-ын хөрөнгө орлогыг задалж харцгаая.
Эрх баригч нам 27 тэрбумын барилга байшинтай бол 1.2 тэрбумын тээврийн хэрэгсэл, мөн ийм хэмжээний дүнгээр үнэлэгдэх тавилга эд хогшилтой. Үндсэн хөрөнгө мөн л 1.1 тэрбум гэж тайлагнажээ. Харин 637.5 сая буюу хагас тэрбум төгрөгийн комьютер техник, 77 сая төгрөгийн биет бус хөрөнгө, бэлэн мөнгө 328.3 сая, авлага 880.7 сая, бараа материал 64.3 сая, бусад эргэлтийн хөрөнгө 15 сая байна. Энэ бүгд нийлээд 32 тэрбум болж буй.
