НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цахим системийн ажлын даалгавар боловсруулж байгаа төслийн баг нам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагад ажлын явцаа танилцуулж, санал авах хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.10.09) зохион байгууллаа.
Улс төрийн намын санхүүжилт, тайлан бүртгэлийн системийн хэрэглэгч болох улс төрийн нам, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлч, иргэдийн төлөөлөгчдөөс санал авах хэлэлцүүлгийг Сонгуулийн ерөнхий хороо төслийн багтай хамтран 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт танилцуулсан эхний хувилбарт Сонгуулийн ерөнхий хороо олон улсын байгууллагуудтай хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан “Улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох, олон улсын туршлага” семинарт оролцогчдын 100 гаруй саналыг нэгтгэж, тусгасан гэдгээ төслийн баг танилцуулж байсан. Үүн дээр есдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг системийн загвар, техникийн тодорхойлолтод тусгаж, сайжруулалт хийсэн хувилбараа өнөөдөр танилцуулж дахин санал авсан юм. Өөрөөр хэлбэл, системийн ажлын даалгаварт хэрэглэгчдийн саналыг тусгах ажлыг шат, дараатайгаар зохион байгуулж байгаа аж.

Төслийн багийн ахлагч, “Ухаалаг Засаглал” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, програм хангамжийн инженер Ц.Амарбаясгалан цахим системийн загварыг оролцогчдод танилцууллаа. Системийн эрх зүйн орчин цэсэд улс төрийн намтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам байх аж. Түүнчлэн намын бүртгэл, намын үйл ажиллагаа, санхүүжилт, санхүүгийн тайлан зэрэг цэсэд холбогдох мэдээлэл ил тод байрлах аж. Цахим систем дэх “Намын гишүүний татвар”, “Намын хандив”, “Намын үйл ажиллагааны товч тайлан” модулиудын үйл ажиллагааны зураглалд улс төрийн нам, төр болон иргэний нийгмийн байгууллагуудаас тусгайлан санал авлаа. Тухайлбал, дээрх модулиуд дахь хуулийн хэрэгжилтийг тайлагнах, тайлан хүлээж авах, аудит хийх, хяналт тавих, ил тод болгох үйл ажиллагааны зураглалыг танилцуулж, дамжлага бүрд оролцогчид саналаа хэлж, тулгамдаж буй асуудал, шийдлийг бичгээр өгсөн юм.
Систем хэрэглэгчдээс гадна олон нийтээс санал авах ажиллагааг төслийн баг цахимаар зохион байгуулж байгаа. Улс төрийн намын санхүүжилт, тайлан бүртгэлийн системийн ажлын даалгаварт энэ сарын 16-ны өдрийг дуустал https://docs.google.com/.../1FAIpQLScXnBpFrJx.../viewform... холбоосоор санал өгөх боломжтой.
Төслийн баг дээрх саналуудыг нэгтгэж системийн ажлын даалгаврыг энэ сарын сүүлээр танилцуулах аж.















