АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 30 хоногийн нөөц бүрдүүлэх агуулах барихад зориулан 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт олгох хуулийг яаралтай горимоор батлууллаа. Хууль батлагдсанаар шатахуун импортлогч аж ахуйн нэгжид шатахууны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг Монгол банкны урт хугацаат репо санхүүжилтээр шийдвэрлэх юм.

Гэвч стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх нэрийн дор хэрэгжих уг шийдвэр хангамжийн нэмэгдүүлэх алхам уу, эсвэл хувийн хэвшлийн тодорхой бүлэгт давуу тал олгох арга уу гэдэг асуултыг чуулганы хуралдаанаар гишүүд тавьж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Гишүүд хуулийн төсөлтэй танилцаж, бэлтгэл хангах хэрэгтэй. Дээр нь нийтийн хэлэлцүүлэг явуулж, олон нийтийг мэдээллээр хангасны дараа хуулийн төсөл батлагдах ёстой” хэмээн хуулийн төслийг яаралтай горимоор оруулж ирснийг шүүмжлэв. Түүнчлэн “Шатахуун импортлогч компаниудад Монгол банкнаас зээл олгох юм байна.

Ингэхдээ Монгол банкны хараат бус байдалд халдаж, Төв банкны тухай хуулийн тодорхой заалтуудад хамаарахгүй гэсэн агуулгууд оруулж ирж байна. Гүйцэтгэх засаглал асуудлаа эрх мэдлийнхээ хүрээнд шийдээч ээ.

Шатахууны савны хулгай гэж яригдвал УИХ-руу заах гэж байгаа юм уу. Энэ бол эрх ашгийн зөрчил “үнэртсэн” хууль байна. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд 30 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа шатахууны саваа барьчихдаггүй юм уу.

Сар гаруйн өмнөөс шатахуун тасрахад Г.Дамдинням сайд та тасраагүй гэдэг мэдээлэл өгч байсан. Яг үнэндээ ийм хууль оруулж ирэх гээд хомсдол үүсгээд байдаг юм уу” гэж асууж байлаа.

Харин АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Нэг сарын хэрэглээний шатахууны нөөц хадгалах сав барихад 500 тэрбум төгрөг хэрэгтэй. Баригдсан савыг дүүргэхэд 560 тэрбум төгрөг хэрэгтэй. Нийтдээ 1 их наяд төгрөгийн эх үүсвэрийн асуудал яригдаж байна” гэсэн юм.

Манай улсад шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 151, бөөний худалдааны 173, жижиглэнгийн 181 аж ахуйн нэгж бий. Эдгээр компаниуд сүүлийн 30 орчим жил үйл ажиллагаа явуулсан атал өнөөдрийг хүртэл хангалттай хэмжээний нөөц бүрдүүлээгүй байна. Тэдний хариуцлагын дутагдлыг төр “өршөөж”, бүр эсрэгээр нь нөөц барих хөрөнгийг улсаас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор боллоо.

Шатахуун импортлогчид олон арван жил бизнесийнхээ ашгийг хүртэж ирсэн атал нөөцийн саваа бэлдээгүй байна. Гэтэл төр нь хувийн компаниудад давуу байдал олгож хөнгөлөлттэй санхүүжилт олгохоор болов. Б.Жаргалан гишүүний хэлсэнчлэн нөөцийн бодлого хэн нэгэн компанийн эрх ашгийн зөрчил байх вий.