Эрх баригч МАН жилийн дотор хоёр Засгийн газар огцрууллаа. Дөнгөж дөрөвхөн сарын өмнө Л.Оюун-Эрдэнээс тамга гардаж, танхимаа бүрдүүлж байсан Г.Занданшатар огцорлоо. Товчхондоо зуны эхэн сард Засгийн газраа эмхлэн байгуулж, парламентаар баталгаажуулсан Г.Занданшатарын танхим нэг зуны л настай байлаа.
Учир юу гэвэл, намрын улс төртэй зэрэгцэн халуурсан МАН-ын даргын тэмцэл бараг сар орчим үргэлжлэх хугацаанд төрийн ажил явсангүй. Гагцхүү Их хурлын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй улстөрчид нэгнийгээ хулгайч, худалчаар нь цоллож ээлж дараалан мэдэгдэл хийсээр таарлаа. Эцэст нь улс төрийн нөхцөл байдал улам хурцдаж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өргөдлөө өгсөн бол хоёр өдөр, нэг шөнө дамнан үргэлжилсэн парламент Ерөнхий сайд Г.Занданшатарыг “явууллаа”.
Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн гурван гишүүн буюу төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ийнхүү нэг өдөр огцорч байна.
Гэвч МАН-ын даргын төлөөх тэмцэл, фракциудын талцал хуваагдал, сөрөг хүчний эсэргүүцэл цаашид өрнөнө. Хамгийн чухал нь төрд, төрийн түшээдэд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Энэ янзаараа ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль, дараа жилийн Их хурлын сонгууль эрх баригч намд ээлээ өгөх үү гэдэг асуулт үлдлээ.
Монгол Улсын 34 дэхь Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Бага хурлын гишүүдийн 67.8 хувь, парламентаас томилогдохдоо 92.3 хувийн дэмжлэг авч байсан бол 71 гишүүний кноп түүнийг огцрууллаа.
Ерөнхий сайдын УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэе.
-Бид үнэнтэй нүүр тулсан. Нүүрсний үнэ өндөр байхад олсныхоо хэрээр цацаж, өв биш өр үлдээсэн үнийн өсөлттэй тулсан. Үнийн өсөлтийг өгөөж болгохын оронд өөрсдийгөө илүү хангадаг данхар төр, үрэлгэн тансаг төсвийн гашуун үнэнтэй нүүр тулсан.
-Ард түмний баялгийг бид тамга дарж нуусан үнэнтэй ч тулсан
- Эмч, багш, ахмадууд, иргэд орлого нь хүрэлцэхгүй, эрх мэдэлтнүүд нь орлого зарлагаа нотолж, авлига хээл хахуультай тэмцэхээс хойш сууж байна гэсэн ард иргэдийн шүүмжлэлийн гашуун үнэнтэй нүүр тулсан.
-Хулгай тонуулд өнгөтэй өөдтэй өмч хөрөнгө, үр өгөөжөө алдаад байгаа айл өрх өөдлөхгүйтэй адил бид шүүрхий шанага шиг эдийн засаг, төсвөө бөглөж тэмцэж байж эдийн засаг сэргэж болохыг бид бодит гүйцэтгэлээр харуулсан.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д долоодугаар сарын 9-нд онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор нэг тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээлээ. Валютын ханш, үнийн өсөлтийг тогтворжууллаа.
-Ард түмний эзэмшлийн компанид асар их хулгай луйвар нүүрлэсэн байсан. Баяжуулах үйлдвэр, байшин барилга, дамжуулах шугам гээд үнэхээрийн их хулгай луйвар байгааг нүдээр үзэж чихээр сонсоод хянан шалгуулахыг үүрэг болгосон.
-Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангахын тулд, баялагтаа эзэн байхын тулд, Засгийн газрын хуралдаанаас ХЗДХ-ийн яаманд стратегийн орд газруудад хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон.
- Төгрөг нуур, Цайрт минерал, Ухаахудагаас авахуулаад стратегийн бүх ордод хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-д ч энэ хяналт шалгалт эрчимжсэн.
- Нүүрсний хулгайн эсрэг тэмцэл эрчимжихийн хэрээр улс төрийн элдэв саад тээг Засгийн газрын өмнө босгож эхэлсэн. ЭТТ дээр ганцхан улирлын дотор гарсан эрс өөрчлөлт нь эдийн засгийн сэргэлтийн шинэ гараа болсон.
-Зээлийн хүүгээ бууруулах шаардлагыг бид Засгийн газар байгуулагдсан анхны өдрөөсөө Оюутолгой компанийн бүх уулзалтын үеэр тавьж ирсэн. Үүнийг Оюутолгой, Рио тинто хүлээн авч хамтран ажиллах бичгээ саяхан ирүүлсэн. Хүүгийн зардлыг бууруулах хэлэлцээр эхэлж, Оюутолгой төслийг ард түмэнд илүү үр ашигтай болгох ажил урагшиллаа. Хүүгийн зардал бодитой буурах ажил өнөөдөр бодитой боллоо.
-Төр түмэн нүдтэй гэдэгчлэн манай Засгийн газар тамга дарж нуусан үнэнийг илчлэн дэлгэж, ард түмний шударга хараа хяналтад оруулж байна. Албан тушаалтны хяналтаас илүү ард түмний хяналт илүү бодитой.
-Бидний хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго бол УИХ хэрүүлийн талбар биш мэтгэлцээний танхим байх зарчмыг сонгосон.
-Би бүх Монголыг дээрэмдсэн баялгийн хулгайтай тэмцээд, эмч, багшийн цалин, ахмадын тэтгэврийг өсгөх гэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ бол бидний санаачилж, хэрэгжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс учраас үүнийгээ бид бодитой хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ойлгосон.
-Бид, Монгол Улсын Засгийн газар БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛЧУУД-ын төлөө ухрах эрхгүй тэмцэх гэж бүрдсэн. Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том төсөл гэж зарлан ажилдаа орсон, үр дүн ч гарч байна.
-Цалингаа нэмүүлэхээр эмч, багш нар жагсаж, цас шуурга орон даяар дэгдсэн, хахир өвлийн аман дээр ордонд ажил биш улс төр буцалж байна.
-Хэрүүл биш ажлаа хий, өвөл айсуй, өвс тэжээл, гэрэл цахилгаан, ус дулаан, түлш шатахуунаа анхаар гэж цаг улирал, ард түмэн, амьдрал өөрөө шаардаж байна.
-УИХ-ын даргыг нүүрсний хулгайтай тэмцэж, эдийн засгаа сэргээн шийдэмгий ажиллаж буй, бодит үр дүн гаргаж буй Засгийн газраа дэмжиж ажиллана гэж бодсон болохоос өөрөө гардан зохион байгуулж огцруулах ёс зүйгүй, хууль дүрэмгүй, төрийн ажлыг гацаасан үйлдэл, эс үйлдлүүд тань Үндсэн хууль, засаглалын хямралд түлхэн оруулсанд Ерөнхий сайдын хувьд ч харамсаж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг парламентын засаглалаа бэхжүүлж, цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, хагарсан цонхнуудаа шиллэж чадна гэж итгэж сүүлийн 12 жилийн эрдэм судалгааны болон хууль тогтоох ажлаа зориулж ажилласан.
-Энэ танхимд хоёр өдөр хуулийг уландаа гишгэж Үндсэн хууль зөрчсөн чуулганд оролцохгүй эрхээ эдэлж байгаа ард түмний төлөөлөгч гишүүдийг нэг хүн өдөржин хууль зөрчин тайлбарлаж, доромжилж, хязгааргүй эрх эдэлж байгаа дабль стандарт үйлчлэхийг харлаа.
- Хэдхэн хоногийн өмнө ТББХ-ны хурал дээр 18 цаг боллоо гээд хурал хааж байсан, ТББХ-ны санал хамаагүй Үндсэн хуулийнхаа заалтаар санал хураалт явуулна гэж байсан энэ шаардлага гэнэт нэг өдөр өөрчлөгдөхийг ч харлаа. Ийм учраас бид парламентын ардчиллын үзэл санаандаа үнэнч байх нь бидний тангараг өргөсөн Үндсэн хуульдаа үнэнч байх явдлаар илэрхийлэгдэнэ.
Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Үндсэн хуулийн үзэл санаандаа үнэнч байж санал хураалт явагдах ёстой гэж үзсэн гишүүдийг буртуутгах ёс байхгүй.
-Дэлхийн жишиг, МАН-ын дүрмийн дагуу намын дарга Ерөнхий сайд байх зарчмыг барьж ажилласан болохоос биш албан тушаал, сандал суудалтай зууралддаг хүн би биш ээ. МАН-ын Бага хурлын гишүүдийн 67.8 хувь нь надад итгэл хүлээлгэж, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон.
-Авлига хулгайтай тэмцэж, улам бүр суларсан төрийн нэр хүнд, эдийн засгаа сэргээхэд зөвхөн захиргааны эрх мэдэл хангалтгүй.
-Улс төрийн эрх мэдлээр хүч нэмэх нь ард түмнээс авсан үүрэг даалгавраа биелүүлэх, илүү үр дүнтэй ажиллах боломж юм.
-Таван толгойн нэг толгой Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж хүний хөгжлийн төлөө зарцуулах тогтоолын төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайдаа намын дарга болгох дүрмээ хэрэгжүүлье хэмээн ажиллаж байсан миний журмын нөхөд маань үүний дараа бодол санаа нь гэнэт өөрчлөгдсөн.
-Нүүрсний хулгай, Бор тээгийн ордтой Д.Амарбаясгаланг холбоо, хамааралтай гэдэгт би итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь нүүрсний сонсголоор олон нотлох баримт нь шалгагдаж, саяын “Эрдэнэс тавантолгой”-н хяналт шалгалтын үеэр сэргэсэн юм билээ.
- Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн бүх л бүтэн нүүрсний тээврийн худалдааны сүлжээг опендата эх сурвалжуудаар нотолж нүүрсний сонсголоор олон нотлох баримтаар үндэслэн шалгагдаж байгаа юм билээ.
-Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ дагуу ХЗДХ-ийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилох шийдвэр гарган УИХ-д танилцуулахаар хүргүүлсэн боловч хойшлуулсаар байна. Харин энэ өнөөдөр намайг огцруулах шалтаг, шалтгаан болж байна.
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний сонсгол зохион байгуулж, нотлох баримтуудаа нийгэмд дэлгэн шүгэл үлээж, хоёр жил гаруй хугацаанд шударга ёсны төлөө тэмцэж байна. Д.Амарбаясгалангийн зүгээс давуу эрхтэй холбоотой асуудлаар гүтгэсэн хэмээн түүнийг нэг ч удаа хууль, хяналтын байгууллагад өгч байгаагүй нь анхаарал татдаг учраас энэ асуудлаа танхимдаа шийд гэж би ийм шийдвэр гаргасан.
-Би хулгайтай эвлэрэх гэж тэмцээгүй.
-Би хулгайтай хамт унах гэж тэмцээгүй.
-Харин ард түмэнтэйгээ хөгжил дэвшил өөд хамтдаа босох гэж тэмцсэн. Хулгайтай эвлэрдэг хууль ёс гэж байхгүй.
-Улсын Ерөнхий сайд би улс орноороо наймаалцахгүй, нүүрсний хулгайч нартай тохиролцохгүй. Эв нэгдэл зөвхөн шударга ёсонд үндэслэн тулгуурлах учиртай.
-Улсын төсвөө хэлэлцэн батлах, улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдэх урдах ажлаа хийхгүй бол аймаг нийслэл, сум дүүрэг төсвөө баталж чадахгүйд хүрнэ.
-Эмч, багшийн цалинг нэмэх нь бүү хэл бүх төрийн албан хаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өл залгах төдий болох аюулын ирмэг дээр байна.
-Өнөөдөр уг нь энэ танхимд 47 хоногийн өмнө өргөн барьсан Бортээгийн ордыг эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэх байлаа. Харин энэхүү тогтоолын төсөл Засгийн газрын өмнө босгосон саад тээг болж байна. Гэвч үзэл санаа, зөв зарчим дээрээ байгаа цагт үнэн хэзээд ялна гэдэгт би итгэдэг.
-Өнөөдөр уг нь бид эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг өсгөж нэмэх талаар ухаан бодлоо уралдуулж байх байлаа.Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газрыг зуу гаруйхан хоногийн дараа огцруулах эсэх хэрүүл хийгээд сууж байна.
-Монгол Улсад тогтвортой хэрүүл бус тогтвортой засаг хэрэгтэй.
Монгол улсад ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЗАСАГЛАХ УУ, ХУУЛЬ ЁС ЗАСАГЛАХ УУ? гэдэг салаа замын уулзвар дээр Та бид ирээд байна. Хулгай ялах уу, хууль ёс ялах уу гэдэг хурууны хээтэй, төрийн тамгатай түүхэн сонголтын өмнө зогсож байна.
-Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм.
-Монгол эх оронд минь хулгай дээрэм бус хууль ёс ялах болтугай!















