УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ерөнхий сайдын ирүүлсэн албан бичигт “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентыг төгөлдөршүүлэх шаардлагатай” гэж бичсэн нь онцгой анхаарал татаж байна. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих эсэх ноцтой үг үйлдлүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахтай хавсран гарч ирсэн нь үнэн. УИХ дахь АН-ын 40 гишүүн Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэж, сонгодог парламентаа хамгаалах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, гарын үсэг цуглуулж байгаа нь дээрх ноцтой үг, үйлдэл үнэн болохын баталгаа гэж харж байна. Энэхүү тогтоолын төсөл боловсруулж байгаа гишүүдийг “АТГ газарт шалгуулна”, “шоронд хийнэ”, “туг тахина” гэх мэт хэн ярьсан, үнэн худал нь мэдэгдэхгүй үгс Төрийн ордонд өрнөж байна. Өнгөрсөн өдрүүдэд надтай ажил төрлийн холбоотой, ойр тойрны хүмүүсийг хууль хяналтын байгууллагууд дуудаж, учир битүүлэг байцаалт авах болсон.

Хэдхэн жилийн өмнө МАН-ын 65-ын бүлэг 32, 33 болж, АН-ын 9-ийн бүлэг 3, 6-гаар хагарч төрд хямрал үүсэх завсар тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих, ноцтой үг үйлдэл гаргаж байсан. Улмаар зам мөрт нь садаа болох улстөрчдийг хилс хэрэгт гүтгэн, шоронд хэлмэгдүүлж байсныг хохирч явсан хүний хувьд өглөө бүр санадаг. Х.Баттулга энэ санаархлаа өнөөдөр хүртэл орхиогүй гэдэгт итгэдэг. Энэ хүнийг төрийн хутгуур гэж хардаг.

Хэрэг явдал иймээс Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай албан бичигт дурдагдсан, “үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламенын тогтолцоог төгөлдөршүүлэх шаардлагатай” гэснийг Л.Оюун-Эрдэнээс асуусны дараа дэмжих, дэмжихгүй шийдвэрээ гаргана.

Эцэст нь хэлэхэд УИХ-ын гишүүд маш их айдаст автсан байна. Эргэлзээнд орсон байна. Монгол төрийн бодлого айдас эргэлзээнд орсноор шийдвэр гарвал Монголын төрд асар их хохирол авчирна. Иймд УИХ-ын гишүүд итгэлт үнэмшилтэй, зоригтой бай. Хэний ч нөлөөнд автахгүй шийдвэрээ гаргаасай” гэлээ.