УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд 88 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 11 минутад гишүүдийн 69.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, УИХ-ын дарга Н.Учралын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд 80.2 хувийн саналаар дэмжлээ. Нэгдсэн хуралдаанаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эл хүсэлтийг хэлэлцэн дэмжсэн юм.

Чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэж буйтай холбогдуулан тэрбээр үг хэлэхдээ “Хэдий богино хугацаа ч гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглах шилжилтүүдийг хийхэд анхаарч ажилласны үр дүнд ахиц гаргалаа. Улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентын дарга нь төв байр суурьтай, олон талын оролцоог хангаж, парламентын гишүүдийнхээ эрүүл, ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх, олон ургалч үзэл бодлыг уралдуулах бололцоог бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Ийм учраас өнгөрсөн хугацаанд парламентын гишүүдийнхээ дуу хоолой, оролцоог хангах чиглэлээр санаачилгатай ажиллахыг хичээсэн. Сөрөг хүчний зүгээс улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентыг аль нэг улс төрийн нам, эвслийн дарга удирдах нь зохимжгүй гэдэг шаардлагыг тавьсан. Үүнийг МАН эрүүлээр хүлээж авч, ярилцаад улс төрийн шийдвэрээ гаргасан. Ингээд парламентын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах, парламентын дархлааг хадгалан хамгаалах, улс орон, нийт ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавих үүднээс гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Цаашид УИХ дахь олонхын бүлэг парламентын даргаа нэр дэвшүүлнэ. УИХ олонхоороо шийдвэрлээд, дараагийн парламентын даргыг сонгох нь зөв жишиг болж үлдэнэ гэж бодож байна. Улс төрийн намын дарга хэдий ч парламентын даргын индрээс аль нэг улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтыг тунхаглахаас илүүтэйгээр Та бүхний дуу хоолойг оролцуулж, ажлын хэсгүүдэд ч УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөллийг оролцуулж, Та бүхний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй мэтгэлцэх эрх чөлөөг хангуулахын төлөө хичээнгүйлэн ажилласан гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Парламентын даргаар ажиллах хугацаанд дэмжиж тусалж, өндөр хариуцлага оногдуулж, хамтарч ажилласан УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

УИХ-ын дараагийн даргыг сонгох хүртэл хугацаанд УИХ-ын даргын албан үүргийг дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гүйцэтгэнэ.