Эрх баригч намын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүд санал нэгдсэнээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг дэмжээд буй. Одоо түүнийг Ерөнхийлөгч, парламент дэмжсэнээр албан ёсоор дараагийн Ерөнхий сайдаар ажиллахаар болж байна. Харин одоохондоо Засгийн газрын танхимын бүтэц, бодлогоо нийтэд зарлаагүй байна.
Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн эхэнд эрэмбэлж, яаралтай шийдвэрлэх ажлуудын нэг нь Оюу толгойн бүлэг орд болох Онтре-той хэлэлцээний ширээний ард суух юм. Учир нь Оюу толгой компаниас гүний уурхайн Панел 1 хэсгийн бүтээн байгуулалтыг зогсоож буйгаа өчигдөрхөн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн бүлэг ордын хэсэг болох “Онтре” ХХК (Entrée Resources LTD)-ийн эзэмшиж байгаа талбайн лицензийг шилжүүлэх хэлэлцээ “Онтре” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд үргэлжилж байгаа учраас шийдвэр эцэслэгдтэл өөр компанийн лицензтэй талбайд нэвтрэх боломжгүй хэмээн тайлбарлаад буй юм. Тиймээс шинэ Засгийн газар "мэндлэх"-тэй зэрэгцэн үүсэж буй энэ эгзэгтэй асуудлыг яаравчлан шийдвэрлэх шаардлагатай. Ингэхдээ олон түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих учиртай. Энэ бол шинэ Засгийн газрын тэргүүн болоод танхимын гишүүдийн хамгийн эхний сорилт гэдгийг олон нийт хэлж, шаардаж байна.
Оюу толгойн бүлэг орд, Онтре-той холбоотой дээрх асуудлыг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал анхлан хөндсөн бөгөөд тэрээр “"Онтре" ХХК-тай шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ яаралтай байгуулах ёстой. Оюу толгойн стратегийн бүлэг ордод хамаарах "Онтре" ХХК-ийн талбай руу орох Панел 1-ийн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсныг Оюутолгой ХХК мэдэгдлээ.
Энэ нь нэг талаас эгзэгтэй боловч нөгөө талаас шийдлийн үүц нээгдсэн цаг үе мөн. Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай шинэ хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулах нь зөв.
Тиймээс Үндсэн хуулийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу Монголын тал 34 хувийн энгийн хувьцаа эзэмших эсвэл өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулах хэлэлцээрийг шинэ Засгийн газар нэн даруй эцэслэн УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Монгол Улсын хүртэх өгөөж мэдэгдэхүйц нэмэгдэж, ноогдол ашиг авах хугацаа 8-10 жилээр наашлах бодит боломж нээгдэнэ. Мөн түүнчлэн Оюу толгойн олборлолтыг бүрэн хэмжээнд, саадгүй, тогтвортой урт хугацаанд явуулах боломжыг цаг алдалгүй нээж өгөх нь зөв” хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа. Ийн Г.Занданшатарын Засгийн газрыг “Онтре”-гийн гэрээ, олон түмний эрх ашиг хүлээж байна.