УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг сонгуулийн байгууллага өнгөрсөн жил ил болгосон. Ийн СЕХ-ны тогтоосноор энэ онд улс төрийн намуудад нийтдээ 7.8 тэрбумыг олгох эрх үүсээд буй юм. Задалж харвал, МАН 3.363.948.720 төгрөг, Ардчилсан нам 2.568.083.760 төгрөг, ХҮН нам 756.799.560 төгрөг, Үндэсний эвсэл 376.976.160 төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 275.940.720 төгрөг, Үнэн ба зөв нам 161.500.680 төгрөгийн санхүүжилт улсын төсвөөс авах нь.
Гэтэл “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар төрөөс намуудад олгох санхүүжилтээс татгалзаж буйгаа олон нийтийн сүлжээнд зарласнаар түүнээс “сайн”, шударга хүнгүй болж байх шиг. Тэрбээр “Улс орны эдийн засаг хүнд, ард түмний амьдрал ядуу байгаа тул улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүй болно. Иймд 2026 онд төрөөс олгох санхүүжилт авахаас татгалзаж” байна гэсэн алга дарам бичгийг дэлгэсэн нь түүнийг цахим орчинд “од” болголоо. Тэгвэл бодит нөхцөл байдал тэс өөр.
Иргэдийн бодож байгаа шиг “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар улс орны эдийн засаг, ард түмний амьдралыг бодсондоо 160 гаруй сая төгрөгөөсөө татгалзаад буй юм биш. Түүний ээлжит пиар, попрол байв.
Үнэн хэрэгтээ “Үнэн ба зөв” нам төрийн санхүүжилт авах эрх үүссэн ч шаардлага хангаагүй учраас СЕХ-ноос тогтоосон 161 сая төгрөгийг авах боломжгүй юм. 2025 онд төрийн санхүүжилт аваагүй гэсэн үг. Тодруулбал, хууль заасны дагуу нам гишүүдийн татварын орлого, хандивын мэдээлэл зэргээр үйл ажиллагааны мэдээлэл, санхүүгээ тайлагнаж байж түүнийх нь дагуу санхүүжилт олгох ёстой. Мөн санхүүжилт авсан намууд тайлан гаргаж өгч, аудитаар орно гээд зарцуулалтыг нарийн шалгадаг болсон учраас X тайлантай намууд идэвхтэй, "амьд" байж чадахгүй бол төрийн санхүүжилт авахад тун хүндрэлтэй, боломжгүй болж байгаа юм.
Гэтэл “Үнэн ба зөв” нам ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Холбогдох байгууллагад “X” тайлан гаргаж өгсөн учраас дээрх санхүүжилтийг авах эрх үүссэн ч олгох боломжгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Бүр тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасан үндэслэлээр санхүүжилт авах эрхгүй болсон. Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь тухайн намын хуульд заасан орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүй. Намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандивыг тайлагнах ёстой. Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан дээрх 4 төрлийн орлогогүй тул энэ жилийн хувьд төрөөс олгох санхүүжилт тогтоогдоогүй гэсэн үг.
Мөн Монголын уламжлалын нэгдсэн нам ч мөн адил санхүүжилт авах эрх үүссэн ч шаардлага хангаагүйгээс төрийн санхүүжилт авах боломжгүй болсон байна.
















