Монгол Улс анх удаа дэлхийн хэмжээний экологийн дипломат индэр болж байна. COP17 нь 2026 оны наймдугаар сарын 17–28-нд Улаанбаатар хотод, “Restoring Land. Restoring Hope” буюу “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор болж байна. UNCCD-ийн оролцогч 197 улс орны төр засаг, бизнес, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, малчид болон бусад оролцогчдыг бид хүлээн аваад байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал (UNCCD) COP17-ыг манайд  зохион байгуулж байгаа нь манай улсын хувьд зөвхөн байгаль орчны томоохон арга хэмжээ бус, гадаад бодлого, эдийн засаг, үндэсний гадаад сурталчилгаа, “гуравдагч хөрш”-ийн дипломат ажиллагаатай холбогдох стратегийн нэн ач холбогдолтой үйл явдал юм.

COP17-ын хамгийн том онцлог бол Монгол Улс НҮБ-ын томоохон олон талт хэлэлцээний талбарыг анх удаа эх орондоо хүлээн авч байгаа явдал юм. Нийслэл хотод маань 197 улсын төлөөлөл цуглаж байгаа нь манай Монгол Улсын олон талт дипломат ажиллагааны хувьд том боломж, том ололт амжилт билээ.

Энэ утгаараа COP17-ыг “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр гэж үзэж болно.

Монгол Улс энд зөвхөн зохион байгуулагч биш, харин:

• Цөлжилттэй тэмцэх;

• Бэлчээр хамгаалах;

• Усны нөөцийг тогтвортой ашиглах;

• Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох;

• Газрын доройтлыг бууруулах асуудлаар өөрийн байр суурь, туршлага, санаачилгыг дэлхийн түвшинд танилцуулах боломжтой. Товчдоо Монголын “асуудлыг” дэлхийн асуудал болгож байна.

Монгол орон нь газарзүйн байршил, эрс тэс уур амьсгалын онцлогоос шалтгаалан дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 10 орны нэг юм. Үүний улмаас дулааны улирлын хур тунадасны хэмжээ мэдэгдэхүйц буурч, ган гачгийн давтамж нэмэгдэн, цөлжилтийн үйл явц эрчимжиж байна. Монгол орны уур амьсгал, хуурай бүсийн онцлог нь цөлжилтөд нэн эмзэг экосистемтэй нягт холбоотой тул энэхүү сорилтыг даван туулах чиглэлээр дэлхий нийттэй туршлага хуваалцах, хамтран шийдэл боловсруулах өргөн боломжийг бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар COP17 үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэрүүд хараахан гараагүй байна.

Миний хувьд COP17-гоос манай улсад нэн хэрэгтэй олон чухал үр дүн, хамтын ажиллагаа гараасай гэж хүлээж байна.

1. Цөлжилттэй тэмцэх хүрээнд мод тарих,ус хуримтлуулах, газрыг нөхөн сэргээх бодлого, бэлчээрийн доройтлоос хамгаалах үндэсний томоохон цогц хөтөлбөртэй болох. Энэ бол хамгийн эхний том өөрчлөлт байгаасай.  

2. Цөлжилттэй тэмцэх, байгаль орчны  хөрөнгө оруулалт, санхүүжилт

3. Монголд технологи, шинжлэх ухааны хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэх

4. Хамгийн чухал нь COP17-ын шийдвэрийг манай улсын өөрийн төсөв, бодлогодоо тусах

COP17-ын Монгол Улсын гадаад бодлогод үзүүлэх ач холбогдолтой

Монгол Улсын гадаад бодлогын өнцгөөс COP17-ыг харах юм бол ач холбогдол нь маш  өргөн хүрээтэй. Энэ хурлыг Монгол Улсын олон талт дипломат ажиллагаа, “гуравдагч хөрш”-ийн бодлого, экологийн дипломат ажиллагаа, олон улсын нэр хүнд, эдийн засгийн дипломат ажиллагааг нэг дор уялдуулах боломж гэж үзэж болно.

2026 оны наймдугаар сарын 17–28-нд Улаанбаатарт болж буй UNCCD-ийн COP17 нь манай улс болон Зүүн, Төв Азийн хувьд түүхэн ач холбогдолтой: Бид UNCCD-ийн COP-ыг Төв Азид анх удаа зохион байгуулж байгаа улс юм. Мөн энэ нь 2026 оны “Rio Convention”-уудын гурван COP-ын эхнийх болж байна.  

1. Монгол Улсын олон талт дипломат ажиллагааг шинэ түвшинд гаргана

Манай улс газарзүйн хувьд хоёр том хөршийн дунд оршдог ч гадаад бодлогынхоо нэг чухал тулгуурыг олон талт дипломат ажиллагаа гэж үздэг. COP17 энэ бодлогыг хэрэгжүүлэх маш том талбар болж байна. 197 улс орон оролцдог НҮБ-ын конвенцын дээд түвшний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулснаар бид:

 НҮБ-ын хүрээнд идэвхтэй оролцогч  улс;

 Олон улсын хэлэлцээний талбар бий болгож чаддаг улс;

 Дэлхийн нийтлэг асуудлаар санаачилга гаргадаг улс гэсэн дүр төрхөө бэхжүүлэх боломжтой. UNCCD өөрөө газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг эдийн засаг, хүнс, ус, амьжиргаа, тогтвортой байдалтай холбосон дэлхийн хэмжээний асуудал гэж тодорхойлж байна.

Өөрөөр хэлбэл Монгол “жижиг улс” гэдгээс илүү “шийдэл санал болгодог улс” гэсэн дипломат байр суурь руу шилжих боломжтой. Мөн ирэх хоёр жилийн хугацаанд Монгол Улс UNCCD-ийн COP-ыг даргалах болно.

2. “Гуравдагч хөрш”-ийн бодлогод шинэ агуулга нэмнэ

Энэ нь миний бодлоор Монголын гадаад бодлогод үзүүлэх хамгийн сонирхолтой нөлөөний нэг.Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлого уламжлал ёсоор улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаатай ихээхэн холбогдож ирсэн. COP17-аар дамжуулан үүнд шинэ нэг чиглэл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл Япон, БНСУ, АНУ, Европын холбоо, Энэтхэг, Австрали, Төв Азийн улсууд зэрэг олон түнштэй Монгол Улс нь Уур амьсгал + Ус + Газрын нөхөн сэргээлт + Бэлчээр + Ногоон технологи + Санхүүжилт гэсэн нийтлэг ашиг сонирхлын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж болно.

Энэ нь “гуравдагч хөрш”-ийн бодлогыг аюулгүй байдлын уламжлалт ойлголтоос тогтвортой хөгжлийн дипломат ажиллагаа руу тэлэх боломж юм.

3. Монголын нүүдлийн соёлыг “зөөлөн хүч” болгон ашиглах боломжтой

Энэ бол Монголд бусад орноос ялгарах маш том давуу тал.

2026 он НҮБ-ын Олон улсын бэлчээрийн газар ба малчдын жил болж байгаа нь COP17-той давхцаж байна. Монгол Улс бэлчээр, малчдын асуудлыг олон улсын түвшинд гаргахад онцгой байр суурь эзэлж байна.  Эндээс Монголын дипломат ажиллагаанд шинэ санаачилга гарч болно. Нүүдлийн соёл → Тогтвортой мал аж ахуй → Дэлхийн экологийн шийдэл

гэсэн дипломат санаачилга юм. Ингэснээр нүүдэлчин соёл зөвхөн аялал жуулчлалын брэнд биш, Монголын “soft power” буюу зөөлөн хүчний дипломат хэрэгсэл болж чадна.

4. Монгол Улс олон улсын санхүү, технологийн шинэ түншүүдтэй холбогдоно

COP17-ын хэлэлцүүлэг зөвхөн байгаль хамгаалах тухай биш газрын нөхөн сэргээлтийн санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоо, технологи дамжуулалт, шинжлэх ухааны хамтын ажиллагаа ч гол сэдэв болж байна. Энэ нь Монголын Улсын эдийн засгийн дипломат ажиллагаанд шууд ашигтай.

Бид COP17 → Олон улсын байгууллага → Хөгжлийн банк → Хөрөнгө оруулагч → Технологийн компани → Монголын төсөл гэсэн шинэ сүлжээ бий болгож болно.

Ялангуяа Монгол Улс 2026 оны долдугаар сард анхны Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиа баталсан нь COP17-ын өмнөх бодлогын суурийг бэхжүүлж өгсөн.

5. Монголын олон улсын имижийг “Уул уурхайгаас ногоон хөгжил” рүү тэнцвэржүүлнэ

Монголыг олон улсын тавцанд ихэвчлэн:

Нүүрс + Зэс + Уул уурхай + Нүүдэлчин соёл гэсэн дүр төрхөөр хардаг бол COP17 харин өөр нэг дүр төрхийг бий болгох боломж олгож байна. Монгол = Цөлжилттэй тэмцэгч + Нүүдлийн соёл + Газрын нөхөн сэргээлт + Ногоон хөгжил гэсэн өргөн агуулга бүрдүүлнэ.

Энэ нь ялангуяа Европ, Япон, БНСУ зэрэг ногоон шилжилт, тогтвортой санхүүжилтийг чухалчилдаг түншүүдтэй харилцаанд эерэг нөлөөтэй.

6. Монголын “дипломат брэнд”-ийг төрөлжүүлэх боломж

Монголын уламжлалт нүүдлийн соёл + байгаль хамгаалах уламжлал + орчин үеийн экологийн шийдэл гэсэн өвөрмөц дипломат брэнд бий болгож болно.

Энэ нь Монголыг зөвхөн геополитикийн “хоёр их гүрний дундах улс” гэж харахаас илүү дэлхийн нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулдаг улс гэж харуулах болно.

Тэгвэл COP17 Монголын хувьд гурван  дипломат “капитал” үлдээж чадна.

 Дипломат капитал:Олон талт дипломат ажиллагааны нэр хүнд

 Зөөлөн хүчний капитал: Нүүдлийн соёл, бэлчээр, байгаль хамгааллын Монголын туршлага

 Эдийн засгийн дипломат капитал :Ногоон хөрөнгө оруулалт, технологи, санхүүжилт, олон улсын түншлэл

Тиймээс COP17-ын манай улсын гадаад бодлогод үзүүлэх хамгийн том эерэг нөлөө нь зөвхөн нэг удаагийн хурлыг сайн зохион байгуулах амжилт биш харин Монгол Улсын гадаад бодлогын шинэ чиглэл болгох боломж юм.

Эх байгалиа сэргээж

Итгэл найдвараа бадраая

Олон улс судлалын доктор, (Ph.D) Х.Баатархүү