Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголд Сангийн сайд асан С.Баярцогт гэрчээр дуудагдсан. Тэрбээр өчигдөр ОХУ-ын Калининград мужийн шүүх дээр Рио Тинтогийн хувь эзэмшилтэй холбоотой маргаан явж байгаа тухай мэдээллийг өгсөн. Тодруулбал, "Оюутолгойн эргэн тойронд болж байгаа зүйлийг бид бодох хэрэгтэй.

ОХУ-ын Калининград мужийн шүүхэд Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгчихсөн. Шүүхэд өгсөн тэр асуудал дээрээ нөхөн төлбөрт нь Оюутолгойн Рио Тинтогийн эзэмшиж буй хувийг авна гэсэн санал тавьчихсан байгаа.

Арбитрын шүүх дээр татварын маргаан явж байгаа. Шүүх хурал дуусчихсан. Гэтэл энэ асуудлыг зүй зохистой шийдвэрлэхгүй бол Монголын талд 70 жил ашигтай эсвэл хөрөнгө оруулагчдад 70 жил ашигтай зүйл болно. Бидэнд бас сургамж бий, Хан Ресурс дээр эвлэрлийн гэрээ хийгээгүйгээс болж маш их хэмжээний алдагдал хүлээсэн. Ийм сургамжуудаа давтахгүй байх ёстой” гэсэн юм.  

Харин түүний өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонгоо “Өчигдөр болсон нээлттэй сонсголын үеэр Калининградын гэх арбитрын шийдвэрийн талаар С.Баярцогт гуай хэвлэлд мэдээлэл өгчээ. Арбитрын шийдвэр гарсан төдийгүй, манай улсын Оюутолгой төсөл дэх хувь эзэмшлийн асуудал хөндөгдөх эрсдэл үүссэн гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх зорилготой байсан нь анзаарагдлаа. Ерөнхийдөө оросууд Оюутолгой төслийг авах гээд байна шүү гэж "айлгах" зорилготой ч юм шиг.

Оюутолгой ХХК-ийн аль нэг хувьцаа эзэмшигч хувьцаагаа шилжүүлэх, худалдах тохиолдолд нөгөө хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авах шаардлагыг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан.

Тиймээс Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр аль нэг өөр этгээдэд хувьцаагаа худалдах эсхүл шилжүүлэх боломжгүй юм. Нөгөө талаар С.Баярцогт гуайн яриад буй Калининградын гэх маргаан нь Русал компаниас Рио Тинто компанийн эсрэг гэрээ зөрчсөн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлтэй холбогдох маргаан бололтой. Энэ асуудал Рио Тинто компани 80 хувь эзэмшдэг, Русал компани 20 хувь эзэмшдэг Австрали улсад үйл ажиллагаа явуулдаг хамтарсан компанийн үйл ажиллагаа, гэрээтэй холбогдуулж үүссэн бөгөөд Украйны дайнтай холбоотойгоор Оросын Холбооны Улсад тавьсан олон улсын хориг арга хэмжээтэй холбогдуулж Рио Тинто компани Русал компанийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, хамтарсан компанийн хяналтыг 100 хувь авсантай холбогдуулж Авсралийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаар австралийн хэвлэлээр мэдээлэл гарч байжээ.

Австралийн шүүх Рио Тинто компанийн талд маргааныг шийдвэрлэсэн бөгөөд Русал компани Оросын Холбооны Улсад маргаан эхлүүлсэн нь манай улсын Оюутолгой ХХК-ийн хувь эзэмшил шууд өөрчлөгдөх эрсдэл үүсэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Хувь нийлүүлэгчдийн гэрээний холбогдох заалтыг оруулав

Рио Тинто компанийн Австрали улс дахь хөнгөн цагааны салбарын үйл ажиллагаатай холбогдуулж үүссэн арилжааны маргаан бол Рио Тинто компанийн асуудал бөгөөд тус компани илүү дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгөх нь зүйтэй билээ. Харин энэ маргаанаас болж Оюутолгой төслийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж тайлбарлах нь зохисгүй төдийгүй, иргэдийг төөрөгдүүлэх зорилготой гэж үзэхээр байна.

Нөгөө талаас Оюутолгой төсөл бол Рио Тинто компанийн хувьд стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Гүний уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр зэсийн олборлолтоороо дэлхийд тэргүүлэх уурхай болох Оюутолгой төслөөс гарч явах шийдвэрийг Рио Тинто компани гаргахгүй.

Гаргасан ч Засгийн газартай зайлшгүй зөвшилцөх шаардлагатай асуудал юм. Дэлхий даяар зэсийн эрэлт улам нэмэгдэж, нийлүүлэлт буурч байгаа энэ үед зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэх хүлээлт өндөр байна. Хэдхэн хоногийн өмнө нэг тонн зэсийн баяжмалын үнэ 11,700 ам.долларт буюу түүхэн дээд түвшинд хүрсэн, цаашид ч нэмэгдэх хүлээлттэй байна. Цаашид бид Оюутолгой төслийг хэрхэн харилцан ашигтай, үр ашигтай хамтарч ашиглах вэ гэдэг дээр анхаарч, Хөрөнгө оруулалтын гэрээ, холбогдох гэрээний хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай. Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлж, үр дүн гаргах хэрэгтэй.

Иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулагдаж буй нээлттэй сонсголын үеэр Рио Тинто гараад явчих вий, Оюутолгой компани дахь хувь эзэмшил эрсдэлд орсон гэх мэт хоосон "айдаст" автуулах шаардлагагүй бөгөөд харин ч маш хариуцлагагүй үйлдэл С.Баярцогт гуай гаргаж байгаад харамсаж байна” гэжээ.