УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдрөөс “хэлд оржээ”. Хоёр ч Ерөнхий сайдын арын албанд хор найруулан байж багана түшсэн тэрбээр  “Энэ удаад номер ахина” хэмээн сэрүүн зүүдэлж явсан нь бүтэлгүйтсэн бололтой. Авааль нам нь Д.Амарбаясгалан, Г.Занданшатар  гэсэн хоёр талд албан ёсоор хуваагдчихсан үзэж байхад хөшигний ард, хэлээ хазаж суусан тэрбээр үнэнд гүйцэгдэж эхлэх үед жигтэйхэн чанга дуугаар “хэлд орж” байгааг Монголын ард түмэн бэлхнээ харж байна. Учир нь тэрбээр Г.Занданшатарыг ахисан даруйд Ерөнхий сайдын сэнтийд залрахаар ийнхүү чимээгүйхэн гэтэж суусан. Гэвч Г.Занданшатар огцрох хэмжээнд хүрч,  нөхцөл байдал санаснаас нь өөрөөр эргэнгүүт аргагүйн эрхэнд “хэлд орж” байгаа нь энэ. Мэдээж Г.Занданшатар уначихвал тэр ч дагаад унах учиртай. Албан тушаал ахихаар зүүдэлж яваад хоосон хоцрохоор болчихсонд ийнхүү уурсан хашгирахын хэрээр хэвлэл бүрт ярилцлага өгч, хэн бүхэнд ам нээж явна.

Тэрбээр орон нутгийн томилолт зохион хөдөө гадаагүй давхиж ажлаа сурталчлахын зэрэгцээ Байнгын хороо, чуулганы хуралдаандаа ч идэвхтэй суусан. Тэр бүү хэл, ердөө хэдхэн хоногийн өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхэд Г.Занданшатарын танхимын сайд нараас ганцаараа ороод ирчихсэн, гишүүдийн асуултад идэвхтэй нь аргагүй хариулж суув. Ингэхдээ бүр чуулганы танхимд батиараа татуулж байгаад “Н.Учрал сайд л ганцаараа ажлаа хийж байна” хэмээн сошиалаар сэвүүлж байсан нь хэдхэн цагийн өмнөх үйл явц. Харин өнөөдөр ирцээр бойкотолж, чуулгандаа суулгүй  коридорт зогсоо хэвлэлийнхэнд баруун солгойгүй ярилцлага өгч байна.

Н.Учрал ийнхүү амь, дуу зэрэг зэрэг орсон нь сэрүүн зүүдэлж явсан Ерөнхий сайдын суудал  утаарсантай холбоотой нь хэнд ч ойлгомжтой байна. Н.Учрал хоёр Засгийн газар дамнан ажиллаж буй.  Гэтэл тэрбээр гуравхан сарын өмнө огцорсон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХЭГ-ын даргаар, Ерөнхий сайдын баруун гар болж ажиллаж байсан хүн. Гэсэн атлаа ордны хуйвалдаан хийж, шадарлаж явсан Л.Оюун-Эрдэнээ унагах ажиллагааг гардан гүйцэтгэсэн гэх “бор шувуу” өнөөдөр ч нисэлддэг. Энэ “шагналаа” ч авч, дараагийн буюу Г.Занданшатарын Засгийн газарт албан тушаал ахиж, Тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаа нэгэн. Энэ удаад ч зодооныг алсаас ажиж байгаад тушаал дэвших хувь эрх ашиг нь хөндөгдөхийн хэрээр ийнхүү “хор” найруулах ажилдаа шуурхайлан оров бололтой.