Шадар сайд Н.Номтойбаяр энэ сард Шадар сайдын албан үүргээ хүлээн авсан дариудаа Замын-Үүд болон Алтанбулагийн чөлөөт бүсэд ажиллалаа. Чөлөөт бүсийг чөдөрлөж байгаа асуудлуудыг зөв оношилж, “эмчилнэ” гэдгээ ч зарлалаа. Алтанбулаг чөлөөт бүсийн “шүдний өвчинг” ч тэрээр алдалгүй хэлж, өөрчилж, шинэчилнэ гэдгээ илэрхийллээ.

Алтанбулаг чөлөөт бүсийн шүдний өвчин бол архи. Гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй архи вискиг хойд хилээс Монгол руу ямар ч хараа хяналтгүй зөөсөөр арваад жилийг үдэж байгаа.

Чөлөөт бүсийнхэн архи, вискигээ оросын сайтуудын аль хямдаас нь онлайнаар захиалж аваад Улаанбаатар хот, 21 аймаг руу нарийн зохион байгуулалттайгаар түгээдэг. Арваад жилийн хугацаанд бүхэл бүтэн мафийн хэмжээнд хүртлээ бэхэжсэн энэ схем өдгөө улам төгөлдөржиж амь бөхтэй оршсоор байна. Баяр ёслол сар шинийн өдрүүдэд өнөөх л хямдхан, хуурамч, чанарын баталгаагүй архи вискигээ Монгол Улсын өнцөг булан бүрд худалдан борлуулах нь улам идэвхжих болсон.

Тоо баримт ч үүнийг нотолдог. Өнгөрсөн онд гэхэд хууль зөрчин улсын хилээр согтууруулах төрлийн ундаа нэвтрүүлсэн зөрчлийн улмаас 1621 л архи 20 л спирт, хурааж устгасан байдаг.

Мөн цагдаа, татварын байгууллага 8222 ширхэг буюу 10558 литр архи согтууруулах ундаа хурааж, устгалд оруулсан гэж мэдээлсэн. НЭМҮТ-ээс зөвхөн архины хордлогоор жилд 1000, сард 80 хүн нас барж байна гэх цочирдом мэдээлэл өгөөд буй. Гэсэн ч төр засгаас хуурамч архи худалдаалах системийг нураах нь битгий хэл хараагүй, сонсоогүй мэт явсаар өнөөдрийг хүрсэн.

Харин Шадар сайд Н.Номтойбаяр Алтанбулагийн өнөөгийн өнгө төрхийг үнэн мөнөөр нь илчилж, дорвитой арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Тэрээр Алтанбулагийн чөлөөт бүсэд ажиллах үеэрээ “Чөлөөт бүс өнөөдрийнх шиг татваргүй архи, тамхи зардаг хэмжээнд ажиллахыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Замын-Үүд чөлөөт бүс дээр бодитой хөрөнгө оруулалт хийх ямар аж ахуй нэгж, компани байгаа вэ, хөнгөн, хүнд аж үйлдвэрийн зураглал нь ямар түвшинд байх вэ гэдэг талаас нь тооцоолол огт гаргаагүй байна. Тиймээс үүнийг урьдчилсан байдлаар тооцоолж, ерөнхий төлөвлөгөөг боловсруулна” гэсэн юм. Энэ Засгийн газрын бодлогын цөм нь чөлөөлье санаачилга.

Н.Учрал энэ бодлогоо ч тууштай хэрэгжүүлнэ гэдгээ амласан. Тиймээс Засгийн газрын бодлого Алтанбулаг чөлөөт бүсийн хөрсөн дээр бууж олон жилийн турш монголчуудын эрүүл мэнд амь насанд заналхийлсээр ирсэн хуурамч архи, согтууруулах ундаанаас салгахыг харах үлдлээ.