Шадар сайд С.Амарсайхан Засгийн газраас гарснаар түүний оронд хэн очих вэ гэдэг “уралдаан” улс төрийн хүрээнд өрнөж байна. Гэхдээ томилж байгаа нь ч, тамга тэмдэг хүлээж авч буй нь ч тэр Шадар сайдын суудал бол эрх мэдлийн зөөлөн сэнтий биш эрсдэл, хариуцлага дагалддаг ажлын талбар юм гэдгийг ойлгох учиртай.
Шадар сайдын алба бол гүйцэтгэх засаглалын хамгийн хариуцлагатай албан тушаал. Энгийнээр хэлбэл, гал, ус, ган гачиг, зуд турхан, газар хөдлөлт, цар тахал, халдварт өвчин гээд гамшгийн эрсдэл, хүн ардын эрүүл аюулгүй байдал УОК, түүнийг удирдан чиглүүлдэг Шадар сайдын нуруун дээр бий. Сүүлийн жилүүдэд эрсдэл улам нэмэгдэж буй гамшгаас хамгаалах бодлого, хойшлуулшгүй сэргээн босгох ажил, олон зуун аврагчдын нийгмийн хамгаалал, тоног төхөөрөмжийн шинэчлэл тулгамдсан асуудал болсон. Байнга л шүүмжлэл дагуулж байна. Тиймээс ч УОК-ын дарга 21 аймаг, 330 сумыг жилдээ хэдэн удаа ч тойрох хэрэг гарна. Өвөлжилт хүндэрч зуд болох үеэр онцгой комиссын дарга, гишүүд орон нутагт хэдэн сараар нь ажиллах энүүхэнд. Түүнчлэн гамшиг осол, цар тахал, зуд турхан боллоо гэхэд олон улсын байгууллагаас хандив тусламж гуйна, хөөцөлдөнө. Олж цуглуулснаа малчдад тэгш хүртээмжтэй түгээнэ гээд үүрэг хариуцлага, ажлын ачаалал тун их.
Засгийн газрын танхимд ажилладаг Шадар сайдын албанд зөвхөн онцгой байдлын байгууллага харьяалагдаад зогсохгүй. 21 аймгийг бүсчлэх, чөлөөт бүсийн нэгдсэн төлөвлөлт хэмээх асар том хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх ажил хүлээгдэж байна. Энэ бол улс орны хөгжлийн хамгийн чухал бодлого гэдгийг Монголын төр зарлаж, эхлүүлээд буй юм.
Шадар сайд таван агентлагийн үйл ажиллагаа бодлого шийдлийг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Гамшиг осолтой тэмцэх ОБЕГ, улс орны хэмжээнд бүхий л стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэх үүрэгтэй Стандарт хэмжилзүйн газар, зах зээлийн шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, бензин шатахууны үнийг хянах ёстой Монополийн эсрэг газар. Төрийн худалдан авах ажиллагаа, агаарын бохирдлын асуудлыг ч мөн Шадар сайд анхаарна.
Энэ мэтчилэн Төрийн ордонд, тасалгаанд сууж тамга дарах биш хөдөө гадаа явж, ард түмний амьдралыг нүдээрээ харж ажиллах цөөн албаны нэг бол Шадар сайдын албан тушаал юм. Тиймээс Г.Занданшатарын Засгийн газар С.Амарсайханы дараагийн хүнийг томилохдоо дээрх үүрэг хариуцлага, ажлын ачааллыг даах чадвартай. Ядаж л мал, малчин түмний амьдралыг гадарладаг, гамшиг осолтой тэмцэх мэдлэг мэдээлэл туршлагатай хүнд энэ албыг хариуцуулахгүй бол шагналын сэнтий болгож хэзээ ч болохгүй.
Тэр тусмаа дараагийн Шадар сайдаар нэр нь яригдаад байгаа Х.Ганхуяг зэрэг “цагаан” гартай гишүүдэд улс төрийн тэмцлийн бэлэг болгож өглөө гэхэд энэ өвлийг ч давахгүй байх вий. Олон түмэн хохироод үлдэх вий. Иймийн учир Ерөнхий сайд Г.Занданшатар энэ бүх эрсдэл, хариуцлагыг маш сайн тооцож байж дараагийн Шадар сайдаа нэрлэх учиртай юм.
















