2023 оны 09-р сарын 25-нд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд Монгол-Хятадын найрамдлын 7 хоногийн нээлтийн ёслолыг хоёр хэл дээр хөтлөн орчуулах үүрэг хүлээсэн миний бие танхим дүүрэн алга ташилт дундуур хөнгөн инээмсэглэл тодруулсаар орж ирэх үед нь Шэнь Миньжуань Элчин сайдыг анх харж байлаа. Энэ түүний Монгол Улсад томилогдон ирсэн дараах анхны албан ёсны арга хэмжээ байсан юм. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагаанд эрхэм элчин сайдын үзүүлж буй идэвх санаачилга, манлайллыг харан хүндэтгэж, мөн хоёр улсын найрамдлын их үйлсэд хамтран зүтгэж ирлээ.
Шэнь Миньжуань Элчин сайд 2023 оны аравдугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж улмаар хоёр улсын найрсаг харилцаа, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг хөгжүүлж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа өргөжин тэлсэн харилцааны өндөр идэвхтэй гурван жил өнгөрч байна.
Түүний элчин сайдаар ажилласан гурван жилийн хугацаанд хоёр улсын төр засгийн тэргүүн нарын өндөр дээд түвшний уулзалтын давтамжаа хадгалсан, улс төрийн харилцан итгэлцэл бэхэжсэн, он жилүүд байв.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар сүүлийн гурван жилд жил бүр уулзаж, хоёр талын харилцаа улам өргөжиж, харилцаа хамтын ажиллагаа шинэ агуулга хэлбэрээр баяжсаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 10-р сард Бүс ба Замын III дээд хэмжээний уулзалт, 2025 оны 9-р сард ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт хүндэт зочноор оролцож мөн Жанчхүүгийн даваанд буй Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлэв. Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн жил буюу 2024 онын 9-р сард БНХАУ-ын дэд дарга Хань Жен Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.
Хоёр улсын засгийн газрын тэргүүн нарын уулзалтын давтамж нэмэгдэж, жил бүр уулздаг уламжлал болон тогтох хэмжээнд хүрчээ. Засгийн газрын байгууллагууд яам хоорондын харилцаа хамтын ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжиж хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ тасралтгүй өссөөр байна.
Өнгөрсөн сард БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И манай улсад албан ёсны айлчлал хийж хоёр талын харилцааг өргөжүүлэх олон талын шийдэлд хүрэв.
Шэнь элчин сайдыг томилогдсон 2023 онд хоёр улсын худалдааны эргэлт 16.9 тэрбум долларт хүрч байсан бол 2026 оны сүүлчээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохирсон 20 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна.
Хоёр улсын эдийн засгийн харилцаанд шийдлээ хүлээсэн олон асуудлыг Шэнь элчин сайд шуурхай, дэс дараалалтайгаар шийдэж эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан билээ.
Шэнь элчин сайдын идэвхтэй санаачилга дэмжлэгтэйгээр Гашуун сухайт-Ганц модны хил дамнасан төмөр зам, Замын үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Ногоон нуурын 1008 айлын буцалтгүй тусламжийн орон сууцны хороолол, Төв цэвэрлэх байгууламж, Дачин Тамсагийн газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх гэж мэт олон жишээг дурдаж болно.
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж байна
2010 оноос эхэлсэн хэдий ч тодорхойгүй хугацаанд зогсонги байсан Монгол-Хятадын хоёрдох хил дамнасан төмөр замын холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан түүхэн хэлэлцээрт Шэнь элчин сайдын идэвх санаачилга оролцоо байсан нь дамжиггүй.

Гашуун сухайт-Ганц модны хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 гаруй сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Гашуун сухайт–Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд үе шаттайгаар төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 150 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ. Мөн тээврийн зардал 2 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өсөх тооцоо гарчээ. Үүнээс гадна төслийн хүрээнд 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болох юм.
Ажилсаг, эрч хүчтэй, дайчин хатагтай
Элчин сайд манай улсын бараг бүх аймагт хүрэн ажиллаж, салбар салбарын олон анд нөхөдтэй болсноо ихэд олзуурхан хүүрнэдэг. Үүрэгт ажилдаа ороод 7 ч хоноогүй байхад нь орчуулга хийх завшаан тохиолдож Шэнь сайд Яармаг, Ногоон нуур хороолол орчмын газрын тухай маш сайн судалсан байсан нь үнэхээр маш хурдтай ажилладаг хүн байна гэсэн бодол төрсөн. Ганцхан жишээ дурдахад 2025 оны 7 сарын эхээр Элчин сайд Шэнь Минжуань, худалдааны зөвлөх Лю Жинжи, Монгол улс дахь Хятадын бизнес эхлэгчдийн холбооны тэргүүн нар манай улсын баруун 5 аймгаар 7 хоногийн хугацаанд 5000 шахам км хол замд автомашинаар давхиж тухайн аймаг орон нутгийн бүх удирдлагатай уулзаж, олон хилийн боомт, ААН-ийн үйл ажиллагаатай танилцан, богино хугацаанд их ажлыг амжуулсныг хараад асар их эрч хүчтэй идэвх зүтгэлтэй дайчин хүн юм гэж биширч билээ.
Тэрээр Хятадаас албан айлчлалаар ирсэн дарга төлөөлөгчдийг аль болох олон хүнтэй уулзуулж манай улсын бодит нөхцөл байдлыг танилцуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө үргэлж хичээн ажиллаж буй нь илт харагддаг. Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түүний эрч хүчтэй, санаачилгатай, тууштай байдал нөлөө үзүүлдэг нь мэдээж.
Найрамдлын зүтгэлтэн- сайд
Шэнь Миньжуань Элчин сайд Монгол, Хятадын найрамдлын үйл хэрэг, найрамдлын нийгэмлэгийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж, нийгэмлэгийн зохион байгуулсан бүхий л ажилд биечлэн оролцдог хүндтэй эрхэм. Манай найрамдлын нийгэмлэгийн шинэ жилийн зоогт жил бүр уригдан тухайн жилийн хамтын ажиллагаагаа дүгнэн ярилцаж, ирэх жилийнхээ ажлыг төлөвлөх үед дандаа ажил хэрэгч шинэ санаачилга бидэнд хэлж өгдөг билээ.
Элчин сайдын санаачилга, дэмжлэгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд найрамдлын нийгэмлэг Монгол-Хятадын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 3 жил дараалан бид хамтран мод тарихын зэрэгцээ орчны бүтээн байгуулалтыг хийж дуусгаад байна. 2024 оны 3 сард манай улсад нүүрлэсэн зудын гамшигтай тэмцэх үед Элчин сайд санаачлан Хятадын засгийн газраас үзүүлсэн яаралтай тусламжийг малчдын амьжиргааг дэмжих, зудын хүнд нөхцөлийг даван туулахад зориулан хүлээлгэн өгч олон малчдад тун хэрэгтэй дэмжлэг болж байлаа. Мөн жил бүр хоёр улсын соёлын өдрүүд зэрэг соёл хүмүүнлэгийн харилцааны олон төсөл, арга хэмжээг өөрөө санаачлан зохион байгуулж, Элчин сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг жил олгож, хүмүүнлэгийн олон санаачилгыг дэмжин оролцдог билээ.
Жил бүрийн цагаан сар, Үндэсний их баяр наадмаар монгол үндэсний хувцастай Шэнь Элчин сайдын мэндчилгээг олон нийт тун таатайгаар хүлээн авдаг болоод байна. Тэрээр өөрийн Facebook, X зэрэг нийгмийн сүлжээндээ монгол, хятад, англи хэлээр мэдээлэл тогтмол оруулдаг ажлын шинэлэг арга барилтай нэгэн.
Шэнь Миньжуань Элчин сайд томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, одонгоор 2026 оны 7-р сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас шагнасан билээ.

БНХАУ-аас Монгол Улсад суусан 18 дахь элчин сайд мөн анхны эмэгтэй элчин сайд тэрээр энгэртээ алтан гадастай, сэтгэлдээ олон монгол анд нөхдийн халуун дотно ерөөлтэйгөөр буцаж байна.
Эрхэм элчин сайд хатагтай таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Та аян замдаа сайн яваарай.









.jpg)






