Шүүхийн тухай хуулийн дагуу хоёр жил тутам зохион байгуулдаг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн ээлжит III чуулган Төрийн ордонд эхэллээ. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, Монгол төрийн шүүгч хүн өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүйг санууллаа. Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирснээ онцолж, цаашид ч улам бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Ингээд шүүгчдэд дайсан Ерөнхийлөгчийн 20 агуулгыг онцлон хүргэе.

-Шинээр сонгогдох шүүгч гишүүн та бүхэн шүүн таслах үйл ажиллагаанаас түдгэлзэж, шүүхийн захиргааны алба хаагч болж байгаа гэдгээ онцгой анхаарч, төрийн бодлого, улсын язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, чин шударгаар ажиллах учиртайг сануулж байна.
-Хууль зүйн салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд шүүх эрх мэдлийн бүхий л байгууллагууд нэгдмэл бодлогоор харилцан уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байна.
-Дагнасан шүүхийг байгуулахад цаг хугацаанд шахагдан яарах бус ул суурьтай судалгаа хийж, бэлтгэлээ сайтар хангаж, эрх зүйн орчныг бүрдүүлж, туршлагатай шүүгч нарын дундаас шүүгчийг шилж олох замаар шүүх бүрэлдэхүүнийг бүрдүүлэх нь нэн чухал юм.
-Цаашид шүүгч та бүхэн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах механизмын үр нөлөөг дээшлүүлэх, хууль зүйн процессын шинэчлэлд онцгойлон анхаарах шаардлагатай байна.
-Хэрэг маргааны тоон үзүүлэлт, хэргийн төрөл, шинж байдалтай уялдуулан шүүгчийн орон тоог уян хатан зохицуулах асуудлыг эрх зүйн болон зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэж, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах асуудлыг судлан үзэж, шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй.
-Шүүхийн шинэтгэлийг улам бүр гүнзгийрүүлэхэд Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл зорилго нэн чухал юм.
-Шүүх болон шүүхийн захиргааны байгууллага нь шүүх эрх мэдэл гэсэн нэгэн дээвэр дор хамтдаа зэрэгцэн оршдог учраас хуульд заасан хүрээнд зөв, зохистой хэлбэрээр хамтран ажиллаж, шүүх байгууллагыг бэхжүүлэх үйл хэрэгт нэгэн сэтгэлээр зүтгэх явдал нэн чухал гэдгийг онцлон анхааруулж байна.
-Иргэд, олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлээс ямагт хүсэн хүлээж, шаарддаг зүйл бол шударга ёс, ёс зүй, сахилга, хариуцлага юм.
-Хууль зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг бол харин ёс зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэггүй гэдгийг шүүгч Та бүхэн ямагт ухамсарлаж, үйл хэрэгтээ чанд мөрдөж ажиллах учиртай.
-Шүүх эрх мэдэл бол ядарсан иргэний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах төрийн хууль цаазын ташуур юм.Тиймээс Монгол төрийн шүүгч Та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Монгол төрийн шүүгч Та улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй.
-Монгол Улсын язгуур эрх, ашиг сонирхол гэж байхаас байгууллагын ашиг сонирхол гэж хэрхэвч байх учиргүй.
-Шүүгч Та бүхэн хэн нэгний дарамт шахалтаар, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг дахин сануулан хэлье.
-Өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгч л хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж чадна.
-Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулиудаар Шүүхийн сахилгын хорооны чиг үүргийг тодорхойлж, шүүгчид сахилга, хариуцлагыг бие даан тооцож чаддаг болсон нь шүүхийн шинэтгэлийн салшгүй нэг хэсэг юм.

-Хэдийгээр энэ институц шүүх эрх мэдлийн тогтолцооны хувьд цоо шинэ биш боловч Үндсэн хуульд тусгайлан зааж, Үндсэн хуулийн байгууллага болгосон нь шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагад тавьж буй нийгмийн хүсэмжлэл байсан.
-Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд, үр дүнтэй ажиллаж байж сая шүүх засаглал өөрөө өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгнээсээ салж чадна. Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1,500 гаруй өргөдөл, мэдээлэл хүлээн авч хянан 51 тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд эдгээрээс дөрвөн шүүгчийг огцруулсан байна.
-Сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх иргэдийн итгэл хамаарах бөгөөд үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог шүүх эрх мэдлийн бас нэгэн дархлаа Сахилгын хороо болж буй гэдгийг шүүгч та бүхэн ч бас ойлгож буй бизээ.
-Түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй бөгөөд та бүхний анхаарах бас нэг чухал зүйл бол шүүхийн нээлттэй, ил тод, түргэн шуурхай байдал юм. Ялангуяа олны анхаарал татсан, нийгмийг цочроосон хэргийн талаар бодит мэдээллийг хуулийн хүрээнд шуурхай өгч, иргэдийн эргэлзээг богино хугацаанд тайлж байх хэрэгтэй.
-Шүүх хавтаст хэрэгтэй биш, хүнтэй ажилладаг гэдгийг санаж, шүүх эрх мэдлийн ажлын үр дүнг хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл, түүнийг зөв тайлбарлан хүргэх юм гэдгийг ямагт санаж ажиллах учиртай.
-Иргэд шударга шүүхээр шүүлгэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтын хэрэгжилт, хууль хэрэглээний нэгдмэл байдал ч үүнээс шууд хамаарна.
-Шүүгч хүн өөрийн мэдлэг, ур чадварыг ямагт дээшлүүлж, нийгэмд шинээр үүсэж буй харилцааг соргогоор хүлээн авч, хууль дээдлэн, хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг байх шаардлагатай.
-Та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол гагцхүү Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хууль дээдлэх зарчим, Монголын ард түмний язгуур эрх ашиг гэдгийг үргэлж санаж яваарай.















