ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо Оюутолгойтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Оюутолгой төсөлтэй холбогдуулж худал мэдээлэл их цацагдах болсонтой холбогдуулж өөрийн оролцож хийсэн ажлын талаар тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.
Миний бие 2020 оны 8 сард төрийн албанд томилогдон ажиллаж эхлэх үед Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолсноос даруй 30 гаруй хувь буюу 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 2 жил гаруй хугацаагаар хойшилж хүндрэлтэй байдалд орсон байсан. Энэ талаар Рио Тинто компани 2019 оны 7 дугаар сард олон нийтэд мэдээлж байсан бөгөөд зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг геотехникийн нөхцөл буюу өөрсдөөс шалтгаалаагүй гэж тайлбарлаж байсан.

Оюутолгой төслийн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа ийнхүү хойшилж, зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь төслөөс ирэх үр өгөөжид сөргөөр нөлөөлсөн бөгөөд мөнгөн урсгал хойшилсноор өнөөдөр асуудал болоод байгаа зээлийн хүү их хэмжээгээр хуримтлагдаж Оюутолгой ХХК-ийн өр зээлийг (энэ оны 3 дугаар улирлын байдлаар хуримтлагдсан хүүгийн хамт нийт зээлийн хэмжээ 19.9 тэрбум ам.долларт хүрсэн) нэмэгдүүлсэн.

Энэ нь манай улсад ирэх үр өгөөжид ч сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байсан учраас гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгаан нөхцөлийг судалж тогтоох шаардлагыг Засгийн газрын Ажлын хэсгээс 2020 оны 10 дугаар сард гаргасан. Шаардлагын дагуу Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Тусгай хороог 2020 оны 11 дүгээр сард байгуулсан. Тусгай хороо гадаадын мэргэшсэн зөвлөхүүдийг томилон ажиллуулж 2021 оны 8 дугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Үүнд геотехникийн нөхцөл байдал биш харин Рио Тинто компанийн менежментийн алдаанаас шалтгаалж зардал их хэмжээгээр хэтэрч хугацаа хойшилсон гэж дүгнэсэн байдаг. Мөн зардлын аудит хийх зөвлөмжийг дүгнэлтэд тусгасан байдаг.
Энэ хугацаанд Засгийн газрын Ажлын хэсэг холбогдох судалгаа, яриа хэлэлцээний бэлтгэлийг хийж байсан бөгөөд цаашид Оюутолгой ХХК-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хяналтыг сайжруулах шаардлагыг тавьж 2021 оны 11 дүгээр сард Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс энэ асуудлаар тогтоол баталж байсан. Монголын талын 34%-ийг эзэмшдэг Эрдэнэс оюу толгой ХХК төсөлд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зорилгоор 20 сая ам.долларыг 4 жилийн хугацаатай олгохоор (улирал тутам тайлан хүргүүлсний үндсэн дээр санхүүжилт олгох) шийдвэрлэсэн. 3 хуудас урт, дэлгэрэнгүй тогтоолд зардлын аудит хийх асуудал ч туссан байдаг.
Дээр дурдсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн яриа хэлэлцээний тодорхой үр дүн гарч, монголын талын эзэмшлийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлж, нэмэлт зардлыг Рио Тинто компани бүрэн хариуцахаар болсон. Зэс олборлолтоороо дэлхийд тэргүүлэх уурхайд бид 34% үнэгүй эзэмших болсон нь байгалийн баялаг ихтэй бусад улсуудад ч жишиг болохуйц яриа хэлэлцээний үр дүн байсан билээ. Татварын маргаан гээд хүлээгдэж буй асуудлуудыг манай талд ашигтайгаар шийдвэрлэж чадвал манай улсад өгөөжтэй төсөл байх болно.
Үргэлжлүүлэн зардлын аудит хийх ажил хүлээгдэж байгаа бөгөөд Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг зээлийн хүүг бууруулахаас гадна хуримтлагдсан хүүг хувьцаанд хөрвүүлэх, цуцлахад анхаарч ажиллах нь зүйтэй.
2021 оны 12 дугаар сард гаргаж байсан энэ саналыг Рио Тинто компани тухайн үед хүлээж аваагүй бөгөөд энэ удаагийн яриа хэлэлцээнд тодорхой үр дүн гараасай гэж бодож байгаа учраас дэлгэрэнгүй тэмдэглэл орууллаа.
Бид дотроо нэгдмэл байж, улс төрийн хүсэл зориг хангалттай байхад Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээнүүдийг сайжруулж засах бүрэн боломжтой. Зөвхөн улс төрийн ашиг хонжоо хөөж, өмнө нь хийсэн ажлыг үгүйсгэх эсхүл буруугаар мушгин тайлбарлах нь бидэнд биш харин ширээний нөгөө талд сууж буй талд л ашигтай.
Хуульч хүний хувьд манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй томоохон төслийн яриа хэлэлцээнд оролцож, Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллах нь нэр төрийн хэрэг байсан. Цаашид ч Оюутолгой төсөл Монгол Улсад өгөөжтэй байхад анхаарч ажиллах болно. 2025 онд 4.5 тэрбум ам.доллар буюу 16 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж байгаа компани манай улсын төсөвт 5%-ийн нөөц ашигласны төлбөрөөс (225 сая ам.доллар буюу 810 тэрбум төгрөг) өөр дорвитой татвар төлөхгүй байгаа нь харамсалтай.
Жич: миний бие төрийн албанд ажиллах хугацаандаа авилга аваагүй, хувийн ашиг хонжоо хөөгөөгүй, ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд холбоогүйг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.















