Сөрөг хүчин Монгол Улсын иргэдийн хуулиар хамгаалагдсан хувийн халдашгүй мэдээллийг хууль бусаар ашиглаж байсан нь илэрч сошиалд шуугиан тарив. Ийн нийгмийн сүлжээнд хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарахтай зэрэгцээд тус нам цахим системээ шуурхай засварласан бол өнөөдөр өглөөний байдлаар бүр мөсөн хаажээ. Ингэхдээ АН-ын генсек Д.Амарбаясгалан “2024 оны сонгуулиар манай намд хоёр сая иргэний мэдээлэл ирснийг цахим системдээ холбосон. Гэхдээ бид хууль зөрчөөгүй. Иргэд мэдээллээ өөрсдөө ил болгоод байсан учраас цахим бүртгэлээ түр хаасан” гэж мэдэгдэв.
Гэвч АН Монгол Улсын иргэний хувийн мэдээллийг хууль зөрчин ашигласан гэдгийг бүхэл бүтэн цахим хөгжлийн сайд нь өчигдөр хэлсэн. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар "ХУР системээс мэдээлэл татаж авахдаа Хувь хүний мэдээллийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. 2021 оны 12-р сард батлагдаж, 2022 оны 5-р сараас хэрэгжиж эхэлсэн Хувь хүний мэдээллийн тухай хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулийн дагуу хувь хүний мэдээллийг авахын тулд заавал тухайн иргэнээс зөвшөөрөл авах шаардлагатай. Тиймээс АН-ын энэ үйлдэл нь хуулийн маш бүдүүлэг зөрчил" гэж тайлбарлаад буй.
Тэгвэл АН хууль зөрчсөн гэдгийг нотлох дараагийн баримт нь “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах, ашиглах журам” юм.
Тус журамд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуулиараа улсын бүртгэлийн байгууллага сонгогчдын хувийн мэдээллийг улс төрийн намд хоёр удаа өгдөг гэсэн үг.
Тэглээ гээд АН 2024 оны сонгуулиар улсын бүртгэлийн байгууллагаас олж авсан мэдээллээ намын бүртгэлтэй холбоотойгоор ашиглах эрхгүй. Тодруулбал, дээрх журын 3.4.7.сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан эрх бүхий этгээд хуульд заасны дагуу олгосон сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал хураалт явагдаж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасан.
Гэтэл тус намын генсекийнх нь хэлснээр санал хураалт дууссанаас хойш гурав хоногийн дотор буцаан өгөх ёстой иргэдийн хувийн мэдээллийг хуулбарлаж хоёр жил хадгалж, хууль бусаар ашигласан нь тодорхой болж байна. Энэ хугацаанд иргэний хувийн мэдээллийг ямар зорилгоор ашигласан, дамжуулсан уу зэргээр олон асуудал урган гарч ирж байна.
Мөн журмын 3.4.8.сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ журамд зааснаас бусад тохиолдолд ашиглахгүй байх.
3.4.3.цахим хуудас, мэдээллийн самбар зэрэг нийтийн бүх төрлийн мэдээллийн хэрэгсэлд байршуулахгүй байх;
5.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ... гээд хууль журамд маш тодорхой зааж өгсөн байгаа. Эндээс харахад АН сонгогчдын хувийн мэдээллийг хууль зөрчиж ашигласан нь нотлогдож байгаа бөгөөд хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай.
Тэгвэл хуулийн санкц ямар байдаг вэ
-Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл. Хувь хүний нууцад халдах
1. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;
2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.11 дүгээр зүйл. Хувь хүний нууцыг задруулах
1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
















