Сөрөг хүчин Монгол Улсын иргэдийн хуулиар хамгаалагдсан хувийн халдашгүй мэдээллийг хууль бусаар ашиглалаа гэх мэдээлэл сошиалд шуугиан тарихтай зэрэгцээд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар яаран сандран гарч ирээд "АН ХУР системээс мэдээлэл татаж авахдаа Хувь хүний мэдээллийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. 2021 оны 12-р сард батлагдаж, 2022 оны 5-р сараас Хувь хүний мэдээллийн тухай хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулийн дагуу хувь хүний мэдээллийг авахын тулд заавал тухайн иргэнээс зөвшөөрөл авах шаардлагатай. Тиймээс АН-ын энэ үйлдэл нь хуулийн маш бүдүүлэг зөрчил" гэж мэдэгдсэн. Улмаар АН ч цахим системээ шуурхай засварлаж, зогсоосон даруйдаа АН-ын генсек Д.Амарбаясгалан “2024 оны сонгуулиар манай намд хоёр сая иргэний мэдээлэл ирснийг цахим системдээ холбосон. Гэхдээ бид хууль зөрчөөгүй. Иргэд мэдээллээ өөрсдөө ил болгоод байсан учраас цахим бүртгэлээ түр хаасан” гэж мэдэгдэв.
Эндээс бүхэл бүтэн Монгол Улсын Цахим, хөгжил, харилцаа холбооны сайд нь худал хэлсэн үү. Эсвэл сөрөг хүчин сонгогчдын хувийн мэдээллийг хуулбарлаж хууль зөрчсөн үү гэдэг асуулт гарч ирж байна. Угтаа салбарыг нь хариуцсан төрийн сайд хүн хариуцлагатай байх учиртай.
Шуугиан дэгдэнгүүт сандарч гарч ирээд сөрөг хүчнийг “гүтгэх” ёсгүй. Тиймдээ ч хэвлэл мэдээллийн байгууллагууд болоод түмэн олон төрийн сайдад итгэж АН-аас шахаж шаардаж хариуцлага нэхсээр багагүй хугацаа өнгөрлөө. Зүй нь өнгөрсөн сар орчмын хугацаанд Э.Батшугар сайд үнэхээр үнэн хэлсэн бол Хувийн мэдээлэл хамгаалах хууль зөрчсөн АН-д хариуцлагын асуудал ярих ёстой. Хуулийн санкцаараа торгохоос эхлээд хариуцлагын хэлбэр маш тодорхой. Гэтэл өдийг хүртэл сайд нь юу ч хэлсэнгүй, ямар ч үйлдэл хийсэнгүйд олон нийт гайхаж хүлээсээр байна.

Хэрэв, АН үнэхээр сонгогчдын мэдээллийг хувилж хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль зөрчөөгүй юм бол сайд Э.Батшугар худал хэлсэн болж таарах нь. Тэгвэл үүндээ тайлбар хийж, олон мянган гишүүнтэй, парламентад суудалтай сөрөг хүчнийг гүтгэж харлуулсан даа хүлцэл өчих хэрэгтэй. Үгүй бол иргэдийн давтагдашгүй эмзэг мэдээллээр “тоглож” суугаа АН-д хариуцлага тооцож харуулна уу.
Ер нь өнгөрсөнд ч одоо үед ч хэн нэгэн улстөрч гарч ирээд дур зоргоороо хэн нэгнийг харлуулдаг, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй өнгөрдөг байдал хавтгайрсан. Тиймээс хэн нь худал, хэн нь үнэн яриад байгааг ялгаж шалгаж байхгүй бол төр засаг, хууль шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэхгүй нь.
Уг нь “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах, ашиглах журам” юм гэж бий.
Тус журамд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуулиараа улсын бүртгэлийн байгууллага сонгогчдын хувийн мэдээллийг улс төрийн намд хоёр удаа өгдөг гэсэн үг.
Тэглээ гээд АН 2024 оны сонгуулиар улсын бүртгэлийн байгууллагаас олж авсан мэдээллээ намын бүртгэлтэй холбоотойгоор ашиглах эрхгүй. Тодруулбал, дээрх журын 3.4.7.сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан эрх бүхий этгээд хуульд заасны дагуу олгосон сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал хураалт явагдаж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасан.
Гэтэл тус намын генсекийнх нь хэлснээр санал хураалт дууссанаас хойш гурав хоногийн дотор буцаан өгөх ёстой иргэдийн хувийн мэдээллийг хуулбарлаж хоёр жил хадгалж, хууль бусаар ашигласан гэдэг асуудал сөхөгдөж байгаа. Энэ мэтээр цахим салбарын сайдын шалгаж мухарлах асуудал олон байна.
Дээрх дүрэм журмыг зөрчвөл наад зах нь Хувь хүний нууцыг олж авсан, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Энэ хариуцлагыг нь хүлээлгэх л учиртай.















