УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагыг урьж байгаад, шууд дамжуулалтын өмнө яг 2 цаг 30 минут монтажгүй ярив. Ингэхдээ нам, улс төрийн асуудлаа Төрийн ордон дотор биш гадна ярьсан нь энэ. Мөн энэхүү уулзалтаа энэ оны есдүгээр сарын 12-нд МАН-ын даргад нэр дэвшихээ зарлах үеэрээ удахгүй сэтгүүлчидтэй уулзана гэж амласнаа биелүүлж буйг онцлов. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд өөртэй нь холбогдож ирсэн бүхэнд, тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээлэлтэй холбогдуулан зарим нэг няцаалтыг өглөө.
МАН-ын даргад нэр дэвшиж буйгаа зарлаад буй 126 гишүүнтэй парламентын спикерийн тасралтгүй 2:30 цаг ярьснаас онцлох эшлэлүүдийг хүргэе.
-Би Б.Энхбаяр гишүүний ярилцлагыг үзээгүй, үзэх шаардлагагүй. Яаж гүтгэхий нь мэдэж байсан. Надтай ижил нэртэй хүнийг андуурч барьж хэрэг үүсгэсэн бол хууль хяналтын байгууллагын байгаа царай энэ л байна. Арай тийм зүйл болоогүй байлгүй дээ.
-Миний ойрын хүмүүсээс цагдан хориогүй.
-Найзалж байсан, хамт зураг даруулсан үндэслэлээр бол барьж хориод байх шиг. Манай хууль хяналтын байгууллагынхан нэр хаяггүй сошиал хуудсаар дамжуулж ялладаг байдал хэрээс хэтэрсэн. Үүний нэг зовлонг би үүрч явна.
-АТГ баримт байгаа бол гаргаж ирээд шалга, намайг тат л даа.
-Би УИХ-ын сонгуульд 2016, 2020 онд нэр дэвших боломж байсан ч өөрийн саналаар татгалзсан.
-Улс төрийн намыг институци болгох ёстой. Нам төрөөсөө хоцрогдсон байж болохгүй гээд төвлөрч ажилласан. Эрдэмтэн, судлаачдыг урьж ажиллуулж МАН-ын шинэчлэлийн олон бодлогыг хийсэн.

-2024 онд бол дэвшээд, санхүүжилтийн тайлангаа аудитын байгууллагад өгсөн. Сайт дээр нь байгаа гэдгийг хэлье.
-Би өөрөө бичиг явуулж, хариуг нь авсан байгаа. Х.Мандахбаяртай холбосон, хамаарал алга гэж ирсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр бас хамаарал тогтоогдоогүй. Ийм дөрвөн хүн дээр хамаарал тогтоогдоогүй. “Админерал” дээр хамаарал байхгүй гэдэг шийдвэр бас анхан шатны шүүх дээр гарсан.
-Би долоон удаа цагдаа, тагнуул, шүүх гэсэн байгууллагад гомдол гаргасан байгаа. Тагнуулын байгууллага дээр манай эхнэрийг гүтгэж бичсэнээр хандсан, хариу өгдөггүй. Цагдаа хариу өгдөггүй. Энэ бүхний ард улс төр бий.
-МАН дотор хагарал бий, нуухгүй. Хагарлын эздийг Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нар бөгөөд хов зөөж ажил хийдэг хүмүүс гэдгийг хэлье.
-Я.Содбаатар Нарийн бичгийн дарга болоод 10 сарын дотор хагарал төрийн хэмжээнд очлоо. Энэ бол хов зөөж насаараа амиа зогоосон хүмүүсийн хийж байгаа ажил.
- Айдаст автаад байгаа намынхныхаа итгэл үнэмшлийг сэргээхийн тулд би нэр дэвшсэн. Тийм учраас би энэ бүгдийг намын даргын сонгуультай холбож ойлгож байгаа. Ц.Чулуунзагд гэр буруутай бол хоёр жилийн өмнө шалгагдах байсан.
-Өчигдөр орой Д.Амарбаясгаланд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүд дээр хавтаст хэрэг нээх гэж үзсэн. Ийм дарамт үзүүлэх бол тултлаа үзнэ гэдгийг би Я.Содбаатарт хэлсэн. Ингэж хэлсний дараа АТГ тэр материалаа устгасан. Надад баримт байгаа, гэрч байгаа. Дарангуйлал тогтоох хүсэл сонирхлын эсрэг хатуу тэмцэнэ.
- АТГ-ын шууд удирдлага ЗГ-аас байдгийг та бүхэн мэднэ. Энэ байдал хэрээс хэтэрсэн. Би Бага хурал дээр очоод, намайг илтэд дэмждэг хүмүүс ирээгүй байвал шууд дарамтлуулсан байна гэж үзнэ. Нэрийг нь хэлнэ, зарлана.
- Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг холбосон. Эзэд нь Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар. Тэр хоёр Ерөнхийлөгчийн ажиллах хугацааг сунгая гэж гишүүдтэй уулзаж явсан байдаг. Сүүлдээ УИХ-ын гишүүд ордонд айдаст автсан. Улмаар даамжирч, эрх баригч намын даргыг шахаж эхэлсэн. Ингэсээр төрийн тэргүүнийг Ерөнхий сайдтай муудалцуулах ажил явсан. Энэ бүгдийг хэн хийсэн бэ. Г.Занданшатар дарга энэ бүгдийг хийсэн гэдгийг хэлье.
-Б.Энхбаярын түүх гэвэл анх Сү.Батболд даргын туслахаар орж ирчихээд, У.Хүрэлсүхийн зөвлөх болсон. Дараа нь С.Бямбацогтод зөвлөсөн. Удалгүй Ц.Нямдорж гуайн үед дэд сайд болж очсон. Тэгж яривал Б.Энхбаярыг “Зөв хүн электорат” эвслээс дэвших гээд явж байхад нь би дуудаж ирээд намын дарга У.Хүрэлсүхтэй уулзуулж байсан. Ийм гунигтай, увайгүй байдалд орж байгаад нь би ичиж байна.
-Өнөөдөр ийм зүйл яриад сууж байгаадаа ч ичиж байна. Гурван удаагийн парламентын сонгуулийг удирдаж ард нь гарчихаад, өнөөдөр би УЗ болон Хяналтын ерөнхий хороон дээрээ ийм гомдол мэдүүлж зогсоно гэж зүүдлээ ч үгүй.
-Манай дүүг АТГ-аас дуудсан байна лээ. Холбоод байгаа компани дээр нь хуурамч гарын үсэг зурсан байна. Түүнийг шинжлүүлээд, хуурамч гэдгийг нь баталгаажуулж өгсөн байгаа. Батбаатар гэдэг залууг мөн дуудсан байсан. Тэр залуу МАН-ын байрны дөрвөн давхарт фитнес ажиллуулдаг. Энэ залуугаар засвар хийлгэж, оронд нь бартераар манай дөрвөн давхрыг түрээсэлдэг ийм л хүн. Ийм хүнийг улстөрд хутгаж, их хэмжээний төлбөр авна үгүй бол бизнес чинь дампуурна гэж тулгаж болохгүй.
-Одоогоор ард нийтийн санал асуулга гэх мэтийн зүйл яриагдаагүй. Ерөнхийлөгчийн түвшинд ч энэ яриа байхгүй гэж бодож байна. ЗГ дотор юу яригдаж байгааг мэдэхгүй. Мэдээж хэрэг хувь хүн биш хууль засаглах ёстой гэдгийг 2020 оноос хойш олон удаа ярьсан.
-2008 онд ҮЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатарт хэрэг үүсгэлээ. 2017 онд ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин дээр бас л хэрэг үүсгэж байна. Энэ яагаад ч хууль засаглаж байгаа хэлбэр биш. Үүний цаана өөр агуулга байж мэдэх нөхцөл байна. Би үүний эсрэг тэмцэж ирсэн. 2022 онд парламентын гишүүдийн тоог нэмэх, олон намын оролцоог хангах зорилт тавьсан нь үүний жишээ. Өнөөдөр таван нам оролцож, асуудалд олон ургальч байдлаар хандаж байна. Энэ бол хуулийн засаглалыг баталгаажуулах маш том алхам.
- АН-ын үйл ажиллагаа сэргэх тусам МАН сайжирна, улам эрч хүчтэй болно. Өрсөлдөөн сайжирна, нээлттэй ил тод болно.
- Ерөнхийлөгчийн зүгээс намын даргын асуудалд оролцохгүй гэдгээ өөрөө хэлсэн. Эв зүйгээ олоод, асуудлаа шийдээрэй, намаа хагалж бутаргаж болохгүй гэдгийг хэлүүлсэн.

-Би Г.Занданшатар даргатай гурван удаа уулзсан. Хүлээж авах боломжгүй хувилбар санал болгосон. Хос даргатай болъё гэсэн. Бид хоёр хоёр биендээ зориулж дүрмээ өөрчлөөд хоёулаа нам даргалж байдаг ийм инээдэм байж болохгүй гэдгийг хэлсэн.
-Б.Энхбаяртай яагаад муудсан бэ гэдгийг хариулж мэдэхгүй. Би МАН-д 16 жил шат шатны алба хашиж ажилласан. Энэ бүх цаг хугацаанд зөвхөн бодлого ярьсан. Өнөөдөр ч бодлого л ярьж байгаа. Магадгүй цаанаас том даалгавар авч надтай өөрөө муудсан байх. Түүнээс төөрөөд явж байхад нь дуудаж би намаас нэр дэвшүүлж, амьдралд нь том өөрчлөлт оруулж өгсөн хүн шүү.
-Нүүрсний асуудлыг над руу чиглүүлэх сценарь гаргасан тал дээр гэрч байгаа. Х.Нямбаатараас асуугаарай. “Бодь”-той холбоотой оффтейк гэрээний асуудлыг дарах гэж ингэсэн гэдэг мэдээлэл бий.
-Ерөнхийлөгчтэй хэвийн харилцаатай байгаа. Ерөнхийлөгч намын асуудалд оролцохгүй байгаа.
-Ухаа худгийн асуудал таг болоогүй. 16 гишүүнтэй ажлын хэсэг гарчихсан шалгаж байгаа. П.Мөнхулга гишүүн ахалж байгаа, түүнээс асууж болно. Би бол уул уурхайн өгөөж ард түмэнд очих ёстой, нөгөө талаас хувийн хэвшлийг боомилдог төр байж болохгүй гэсэн үзэл санаатай хүн.
-Бид цалин, тэтгэврээ нэмж чадсангүй. Хийх ажил олон байна. Иймд хурлаа хурдан хийж, асуудлаа хурдан шийдэх ёстой.
-Намын эв нэгдэл бол ханцуй дотроо наймаалцаад болчихдог зүйл биш. Ялангуяа манай нам олонхын шийдвэртээ үнэнч байж чаддаг. Хөшигний ард бүх тохироогоо хийчихээд явж байдаг ойлголт хэрхэвч байж болохгүй. Улс төрийн нам бол амьд организм. Нийгмийнхээ хөгжлийн өмнө түрүүлж алхах ёстой. Тэгэхгүйгээр хэдхэн хүний хэрүүл маргаанд идэгдчихсэн байж болохгүй.
-126 гишүүнтэй болсон парламент хөлөө, эвээ олтол цаг хугацаа орно. Болохгүй байгаа зүйлийг бид цоо шинээр хийх ёстой.
-76 гишүүнтэй парламент муудаж эхэлсэн. Тэгээд 126 гишүүнтэй болгож, таван намын оролцоотой парламентыг цоо шинээр бүтээсэн. Үр дүн нь удахгүй гарна. Дэвшил нь иргэдэд шууд хүрдэггүй. Ирэх жилүүдэд хүнд сурталгүй, хүний эрхийг хамгаалдаг, нээлттэй энэ шинэ бодлогууд амьдрал дээр мэдэгдэж эхэлнэ.
-126 гишүүн дотор өндөр боловсролтой олон шинэ залуу бий. Тэдний санал санаачилгад тулгуурлан маш олон ажлын хэсгийг байгуулж, олон улсын жишгийг нэвтрүүлнэ. Хамгийн сүүлд л гэхэд Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчилсөн.
-Чайна энержигийн гэрээ бол ЗГ хооронд хийгдсэн. Түүнийг УИХ соёрхон баталсан. ЗГ дээр үнэ биш зарчим нь л яригдсан. Үнийн асуудлыг Ц.Туваан гишүүнээс маш сайн асуух ёстой. Энэ хөдөлдөг үнэ үү, үгүй юу гэдгийг асуугаарай.
- Улс төр талаас нь яривал, Тавантолгойд сүнс нь хоргодчихсон улстөрчид олон байна аа. Өмнө нь авч чадаагүй, нас нь ч дууссан, карьер нь ч дууссан. Тэгээд шөнө зүүдлээд л “Тавантолгойг тэр, энэ хулгайлчихаж” гэж ярьдаг. Нэг нь танк орж ирнэ гэж яриад 17 жил гацаасан. Алдагдсан боломж хэдэн арван тэрбум ам.доллар. Дуншиж дуншиж арай гэж урагшлуултал дахиад л хулгай гэнэ. Сая Л.Оюун-Эрдэнэ хурал дээр “Тэгвэл цуцлаач дээ. Өөрсдөө хийгээд үз” гэж хэлж байна лээ. Асар хүнд геополитикийн нөхцөл дундуур явж хийж байгаа ажил шүү дээ. Хятадын ЗГ-тай хийсэн гэрээ шүү дээ. Нэг ам.доллар бүрээ бүртгэдэг улс. Гэтэл авлигатай гэрээг хараад зөвшөөрөөд сууж байна гэж байх уу. Арай л амьдралаас тасархай сэтгэх юм.
- Ганц л зүйлийг хэлье, би хүнээрээ байхыг хүсдэг. Найзалсан найздаа ядаж муу хэлүүлэхгүй амьдрах сан гэж боддог. Тэр ч утгаар би Бага хурал дээр хэлсэн. Л.Оюун-Эрдэнэтэй өнөөдөр ч маргааш ч хамт гэж.
- С.Ганбаатар гишүүнтэй холбоотой асуудлаар УИХ дээр ямар нэг бичиг ирээгүй байна.
-Ерөнхий сайд ажлаа өгч байхад намын даргын асуудал яригдаагүй. Нөхцөл байдал нь өөр байна. МАН 21-р зууны дэвшилтэт нам л байх ёстой. Цаашид намын зовлон түмний зовлож болж болохгүй.
- Өмнөх Засгийн газрын хийснийг дараагийнх гарч ирж нураадгаа болих хэрэгтэй. Өнөөдөр бол 2,3 дараалж ялсан намын зовлон эхэлж байна.
-30 сая ам.долларын асуудал байхгүй. Тухайн асуудалд холбогдсон “Админерал”-ын Гүйцэтгэх захирлын ярилцлагыг уншсан. Хөрөнгө оруулалтын дүнгээ бичсэнийг л тэгж гүтгэж сэвсэн юм билээ.
-Институт хоорондын зөрчил огт болоогүй. Төрийн ажил явдгаараа явж байна. Сая гурван өдөр зөвхөн төсвийн танилцуулгыг хэлэлцлээ. Өмнө нь хэзээ ч ингэж байгаагүй. Гурван өдөр хэлэлцэхээр төсвөөр дамжуулж шантаажилж байна гэж зарим сайд нар хэлсэн байна лээ. Тийм биш. УИХ-ын гишүүд төсвийг шүүмжлэх бүрэн эрхтэй.
-Цаашид аймгийн төсвийг багцаар нь баталж, нутгийн өөрөө удирдах байгууллага хөрөнгө оруулалтын эрэмбээ өөрсдөө хийдэг болно.
-Би хэлсэн үгэндээ эзэн байна, албан ёсоор хэлье. Бид асуудлыг уг сууриар нь авч үздэггүй. Цаг үедээ тааруулж, тохируулж хардаг. Ингэж явсаар өнөөдөрт хүрсэн. Тийм учраас нэгэнт болохгүй байгаа бол цоо шинээр дахин бүтээх үзэл санааг баримтална.
-Татварын хуулийн өөрчлөлтийг жишээ нь дэмжихгүй байгаа. Тийм хууль өнөөдөр ямар ч өөрчлөлт авчрахгүй. ААН-үүдтэй уулзаад явж байхад НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх төдийхөн нь огт дэмжлэг биш шүү гэдгийг хэлж байгаа.
-Шүүх засаглалыг шүүмжлэх эрхгүй. Учир нь хууль тогтоох байгууллагын тэргүүн. ШЕЗ, ШСХ-той уулзсан, шүүн таслах ажиллагааг шударга, нээлттэй, ил тод явуулах ёстой гэдгийг хэлдэг.
-Хөрөнгөтэй, эрх мэдэлтэй нь хуулийг өөрт ашигтайгаар эргүүлдэг тал бас бий. Хэн ч эрх тэгш шүүгдэх тэр боломжийг бий болгох ёстой. Прокурор, АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагад өөр өөрсдийн онцлог бий. Дутагдалтай талуудыг нь хуульч гишүүд ярьдаг. Надад ирж байгаа дарамт ард иргэдэд ирж байгаа гэдгээр нь бодолцож, уг асуудалд шүүмжлэлтэй хандах шаардлага бий болсон.
-“Шинэ хоршоо” бол хугацаа хэтэрсэн нэг ч зээлгүй явж байгаа ганц хөдөлгөөн. Төр малчдаа өөрөөс 100 хувь хамааралтай байлгадгийг больё л гэсэн. Өөрөө зээлээ аваад үйл ажиллагаа явуулдаг боломжийг бий болгоё гэж зорьсон.
-Хэдэн жилийн өмнө “Салхитын мөнгөний орд”-ыг хурааж аваад тэтгэврийн зээл тэглэлээ гэсэн, бүгд Монголбанкан дээр алдагдал болчихсон бичигдэж байгаа. Амжилттай хэрэгжиж байгаа тул “Шинэ хоршоо”-г улстөрчид шүүмжилж буй.
-Би өрсөлдөгчийнхөө талаар ярихгүй. Ер нь бол сайн хүн.
-Нэг хониор нэг шуудай гурил авдаг байсан, одоо хоёр хонь болчихлоо гэдэг. Манай үйлдвэрүүд картель хэлбэрт ороод үнээ зохиомлоор өсгөдөг болчихсон. ШӨХТГ-аас нэр бүхий гурилын үйлдвэрт шаардлага тавьсан. Тэгтэл шүүхэд өгчихсөн. Шүүхийн процесс жил үргэлжлэхэд үнэ нь нэмэгдсэн гурил иргэдийг зовоосоор л байсан. Тэгэхээр зах зээлээ эзэлчихсэн байгаа үйлдвэрүүдийн үнийг буулгахын тулд гадаадаас өрсөлдөгч оруулж ирсэн. Гуравхан хүний үйлдвэр нийт гурилын үйлдвэрлэлийн 60 гаруй хувийг эзлэх хэмжээнд оччихсон. Би ард түмнийхээ талд ажилласан. Салбарын яам юуны төлөө ажиллаж байгааг одоохондоо хэлж мэдэхгүй байна.
- Би 126 гишүүнтэй парламент харин ч сайн ажиллаж байна гэж хэлнэ. ЗГ болгон гарч ирээд шинэ бодлого дэвшүүлдэг, нөгөө нам нь гарч ирээд өөрчилдөг энэ байдлыг зогсоох гэж л 126 гишүүнтэй парламент бий болгосон. Үеийн үед Ерөнхийлөгч, ЗГ хоорондын харилцаанаас маргаан үүслээ гэж яригдаж ирсэн. Өнөөдөртөө Л.Оюун-Эрдэнийн ЗГ бол Ерөнхийлөгчтэй айхтар муудаад, үүнээс болж унасан гэж ярих нь бол илүүц. Л.Оюун-Эрдэнэ дарга өөрөө ярьж хөөрөх болов уу.
-Улс төрийн намууд ямар үзэл баримтлалтай байхаас үл хамаарч, ганцхан амлалтаа хэрэгжүүлж чаддаг л байх ёстой. Гэхдээ зөв аргаар. Манай нам улс төрийн тавцан дээр дангаараа зогсох гээд байна, галт тэргэндээ сууж аваарай, бид хүчээр ялагдалтай биш дээ гэж би хошигнож хэлдэг байсан. Олон мэргэжлийн гишүүд орж ирээд зарим асуудлыг унагаж чадаж байна.
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд нартайгаа хэд хэдэн удаа уулзаж байсан. Манай өрөөнд Үндсэн хууль өөрчилж, Ерөнхийлөгчийн ажиллах хугацааг сунгах асуудал ерөөсөө яригдаагүй. Харин одоогийн тогтолцоог баталгаажуулах, сонгуулийг шударга зохион байгуулдаг болох гэх мэт сэдвээр ярьсан. Одоо ч яригддаг сэдэв.
-Гашуунсухайтын хил холболтын бүтээн байгуулалтын гэрээг зориуд зогсоох гээд байгаа гэх мэтийн асуудалд мэдээлэлгүй байна.