Шадар сайд С.Амарсайхан Стандарчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Стандарчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн төсөл найман бүлэг, 36 зүйлтэй байна. Хуулийн төсөлд стандартыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөх, салбар дундын уялдааг хангах, дагаж мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгох, тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх үүргийг тодорхой болгох, худалдаан дахь тарифын бус саад бэрхшээлийг арилгах хүрээнд стандарт, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх зэргээр зохицуулжээ.

Мөн стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, зах зээл дээрх болон хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүн тохирлын баталгаатай эсэхэд хяналт тавих чиг үүргийг нарийвчлан тусгасан байна. Тус хуулийн төсөл батлагдсанаар стандартыг хэрэглэх, хэрэгжүүлэх тогтолцоо боловсронгуй болж, олон улсын нийтлэг жишигт нийцсэнээр дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг олон улсад зөвшөөрөх, гадаад худалдаа, экспортыг хөнгөвчлөх нөхцөл сайжрах юм. Түүнчлэн стандартын хэрэгжилт хангагдаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6730 стандарт мөрдөгдөж байгаагаас 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрсэн, харин үлдсэн нь шаардлага хангадаггүй байна.