Гадаад нөхцөл өдөр өдрөөр хүндэрч, төсвийн алдагдал тэрбум, тэрбумаар нэмэгдэж байна. Энэ оны эхний улирлын гүйцэтгэлээр манай улсын төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гараад байна. Төсвийн тодотгол хийх асуудлыг Н.Учралын Засгийн газар оруулж ирэх бололтой. Тэгвэл төрийн хэмнэлт гэж хамгийн их ярьдаг манай дарга нар өөрсдөө яг хэмнэж чаддаг уу. 

Одоогийн Ерөнхий сайд асан Н.Учрал дөрвөн сарын хугацаанд УИХ-ын даргаар ажиллахдаа аймгуудын төсөвт ямар хэмжээний “дарамт” үзүүлснийг цувралаар хүргэж байна. 

Ерөнхий сайд Н.Учрал 2025 оны арваннэгдүгээр сараас 2026 оны гуравдугаар сар хүртэл УИХ-ын даргаар сонгогдон ажилласан. Тэрбээр УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Хөвсгөл аймагт очиж ажиллан, иргэдтэй уулзсан. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралыг аймгуудад ажиллах үеэр хоол, буудал, гарын бэлэг гэх нэр тодотголтой чамгүй их зардал аймгуудын Засаг дарга нарын нөөц сангаас гаргажээ. 

УИХ-ын дарга Н.Учрал болон зүүн бүсийн УИХ-ын гишүүдийн ажлын айлчлалд хөрөнгө гаргах А/29 дугаар захирамжийг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нэгдүгээр сарын 23-ны өдөр гаргажээ. Уг зардлын тооцооллыг задалбал, өдрийн хоол 112.800 төгрөгөөр 50 хүн нийт 5.640.000, оройн хоол 112.800 төгрөгөөр 50 хүн нийт 5.640.000 төгрөг байхаар тооцоолжээ. Харин 16 хүний гарын бэлэгт 865.000, 44 хүний зочид буудалд 8.360.000 төгрөгийн зардал гаргасан байна.

Нийтдээ Ерөнхий сайд учралын хоол, буудал, гарын бэлгийн зардалд 20.505.000 төгрөг царцуулжээ. 

Манай дарга нарын нэг “попордог” сэдэв нь Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангана гэдэг. Гэвч тэдний үйлдэл нь энэ мэтээр эсрэгцэж байна. Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал ч хэмнэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлэх ёстой гэдгийг удаа дараа хэлж байсан. Одоо ч Засгийн газрын тэргүүний хувьд “төрийн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж байна” гэж зарлаад байгаа.