Өнгөрсөн жил Сүхбаатарын талбайд 4000 хүний багтаамжтай асар барьсан. Тэгвэл Ерөнхий сайдын захирамжаар талбайд барьсан асрыг буулгахаар болжээ. Туйлын зөв шийдвэр. Тэр том асар, хоол унд, хэншүү хярвас, архи дарсны үнэр Сүхбаатарын талбайг хар зах шиг л болоод байв.

Угтаа энэ талбай Улаанбаатар хотын амь амьсгал, цохилох зүрх. Нийслэлчүүдэд их хотын үймээнээс сугарч үлдэн тайвнаар алхах, завгүй амьдралаасаа түр амсхийх боломж олгодог орон зай юм. Эзэн Чингисийнхээ хөшөөг харан сүрдэж, цэнхэр тэнгэрт дураар хийсэх Төрийн далбаагаа харж зогсох юутай сайхан билээ. Нарны дулаан элчинд дулаацаж, зөөлөн салхинд илбүүлэн амьдралын олон өнгийн тухай эргэцүүлэн алхах тэр агшинг энэ талбай л бидэнд өгдөг. Цэлгэр, уужим Монгол орондоо амьдарч байгаа тэр мэдрэмжийг нийслэлчүүд энэ талбайгаас л авдаг.

Нөгөөтээгүүр Сүхбаатарын талбай Монголчуудын эрх чөлөөний индэр болдог. Ардчилсан улсад амьдарч байгаагаа энэ талбайд цугласан олны дуу, түрлэгээс мэдрэх нь олонтоо. Тиймээс талбайг аахар, шаахар зүйлсээр “будах” нь угаас зохимжгүй.

Сүхбаатарын талбайд эрх чөлөөний салхи сэвэлзэж л байвал тэр үүргээ бүрэн гүйцэтгэж буй хэрэг юм. Зөвхөн монголчууд ч гэлтгүй жуулчдын очих дуртай газрын нэг нь Сүхбаатарын талбай. Бидний “гал тогоо” болгож ашиглаад буй энэ талбайг жуулчид Монголд үзэж болох хамгийн сайхан зүйлсийн нэгээр хэдийн нэрлэчихсэн байдаг.

Сонирхуулахад, тус талбайг 1921 онд “Индрийн талбай” хэмээн нэрлэж байгаад 1923 онд Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг, цэргийн жанжин Д.Сүхбаатар нас барсны дараа түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор нэрээр нь нэрлэхээр шийдвэрлэжээ. Ардын журамт цэрэг Хиагтаас Их хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан дурсгалт газар юм. Жанжин морин дээрээсээ өндийсхийн наран мандах зүг рүү гараараа зааж буй дүрслэлтэй хөшөөг 1946 онд Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор байгуулж талбайг цардаж засжээ. Жанжин Д.Сүхбаатарын талбайг 2013 оны 11 дүгээр сараас “Хоёр дахь мянганы суут хүн”, Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны нэрээр нэрлэсэн ч 2016 оны 9 дүгээр сард хуучин нэрийг дахин сэргээн нэрлэсэн юм.