Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Монгол Улсын хэмжээнд бүх салбарын цахим бодлогыг нэгтгэж эхэлсэн. Энэ хүрээнд шүүх эрх мэдэл, хууль зүйн салбарын мэдээллийг санг нэгтгэх ажлыг эхлүүлж, Ажлын хэсэг байгууллаа.
Ингэснээр иргэн цагдаад гомдол гаргахаас эхлээд прокурор хянах, шүүх шийдвэрээ гаргах бүх процесс шат шатандаа ил тод болох юм. Тухайн хэрэг хаана, ямар хүн дээр шийдэгдэж байгаа. Удаашралтай байна уу, шуурхай байгаа юу гэдгийг цахимаар харж хянах боломж бүрдэх юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилтийн хүрээнд 10 гаруй жилийн өмнө яригдаж байсан ч дорвитой хэрэгжээгүй хавтаст хэргийг цахимжуулах ажил хийгдэх юм.
Өөрөөр хэлбэл, эрүү, иргэн, зөрчлийн хэргийн оролцогчид хавтаст хэрэгтэй зайнаас цахимаар танилцах, хуулбарлаж авах боломж бүрдэнэ.
Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн хавтаст хэргийг цахимжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хэрэгсэл ашиглахыг илүү боловсронгуй болгож сайжруулахаар хуулийн шинэчлэлд тусгажээ. Ийнхүү хавтаст хэрэг цахим болсноор байгууллага хоорондын мэдээлэл солилцоо шуурхай, найдвартай болохоос гадна хэргийн оролцогчдын эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод, хүртээмжтэй, үр ашигтай байдал нэмэгдэнэ гэж үзжээ.

Хоёр яамны хамтарсан эл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин болон Шүүхийн ерөнхий зөвлөл, И-Монгол Академи, Үндэсний дата төвийн холбогдох удирдах албан тушаалтнууд багтжээ.
Ажлын хэсгийнхэн өчигдөр уулзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын ашиглаж буй мэдээллийн системийг харилцан уялдуулах, дүн шинжилгээ хийх, өнөөгийн нөхцөл байдал, хүчин чадлыг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын одоогийн ашиглаж буй цахим систем, мэдээллийн сан, программ хангамж, өгөгдөл солилцооны бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөцийн чадавх, техникийн дэд бүтцийн өнөөгийн түвшинд нэгдсэн үнэлгээ хийж, салбарын цахимжилтын бодит нөхцөл байдлыг тодорхойлох ажлыг эхлүүлсэн талаар ХЗДХ-ийн сайд онцоллоо.
















