Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хангарьд” ордонд хаан суухыг санаархаж байна. Төвөөс хол, төр, захиргааны байгууллагуудаас зайдуу одсоныг ч хэлэх үү тэр тэнд хуульгүй мэт ханхалзаж, дур зоргоороо аашилсныг өчигдөр бүгд харлаа.
Ямар сайндаа л Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бус, Нямбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хурал болж хэмээн халаглаж байх вэ.
Уг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.1-т “Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн” хэмээн заасан. Угтаа нийслэлийн ИТХ бол Улаанбаатарын иргэдийн шууд сонголтын үр дүнд хамтаараа шийдвэр гаргахаар бүрдсэн байгууллага. Тус Хурал 45 төлөөлөгчтэй. Түүний 40 нь эрх баригч Ардын намын төлөөлөгч бөгөөд өчигдөр тэдний 31 цуглаж хуралдан, ээлжит бус хуралдаан хийгээд нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярыг “огцруулчих” нь тэр. Дээрх хуульд зааснаар ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах эрх зөвхөн даргад нь бий. Эсвэл өөрийнхөө эзгүйд аль нэг төлөөлөгчийг хуралдаан нээж, удирдахыг ИТХ-ын дарга зөвшөөрсөн байх ёстойг нийслэлийн ИТХ-ын хуралдааны дэгт заасан байдаг. Гэтэл өглөө нь хуралдааныг тодорхой үндэслэлээр хойшлуулж буйгаа албан ёсны дарга нь мэдэгдмэгц тэд зөрж, ээлжит бус хуралдаан зарлачихав.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар хэнтэй ч хуваалцахгүй эдэлдэг ИТХ-ын даргын энэ бүрэн эрхэд балмад бүдүүлгээр халдлаа.
Уг нь тэд тухайн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн 21 асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой, хойшлуулж болохгүй гэсэн шаардлага тавьж байсан ч даргаа “огцруулж”, дараагийн удирдлагыг нь сонгож, улмаар сонгосон хүнийхээ оронд томилох хүнийг ч тодорхой болгоод тарж одоцгоосон. Х.Нямбаатар тэргүүнтний хувьд нийслэлийн ИТХ-ын удирдлагыг ямар ч хамаагүй аргаар авах нь л гол зорилго нь байсныг эндээс харж болно. Нийслэлийн ИТХ-ын даргаар “сонгогдсон” гээд буй Д.Ихбаяр нь хэлэлцэхээр төлөвлөсөн 21 асуудлыг дараа нь ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ хэмээн хээв нэг хэлж байсан юм. Түүнчлэн өчигдөр хуралдааныг ээлжит бусаар эхлүүлэхэд төлөөлөгч Д.Отгонсүрэн тус хуралдааныг даргалсан Ж.Батбаясгаланд хурал даргалах эрх олгосноо баталгаажуулж, албажуулах ёстой гэсэн шаардлага тавихад Х.Нямбаатар тас эсэргүүцнэ лээ.
Уг нь тус хуралдаанд Х.Нямбаатар төлөөлөгчийн хувиар оролцож буй ч Засаг даргын суудлыг зайдалчихаад бусдыгаа зандчиж, “Д.Отгонсүрэн төлөөлөгчийн хэлсэнтэй санал нийлэхгүй. Олонхын бүлэг хуралдаад даргалагчаа сонгочихсон. ИТХ-ын хуралдааны дэгт ч, холбогдох хуульд ч энэ талаарх нарийвчилсан зохицуулалт байхгүй тул өөрсдөө хуралдуулна” хэмээн хүч түрэв.
Ер нь “ээлжит бус” тодотголтой эл хуралдааны явцад Ж.Батбаясгалан бус, Х.Нямбаатар танхимыг удирдан чиглүүлж байсан гэхэд болно. Даргалж байгаа гэх хүнийхээ хажуугаар микрофонгүй зүсэж орж ирээд “Тэг, ингэ” хэмээн тушааж, загнаж байлаа.
ИТХ-ын төлөөлөгчид бол нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сонгож томилуулах санал гаргахаас гадна бүрэн эрхийнхээ дөрвөн жилд хийх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, тайланг нь хэлэлцэн, хэр ажиллав, хэлсэндээ хүрэв үү гэдгийг нь үнэлж, дүгнэх ёстой. Шаардлагатай бол түүнийг томилсон шигээ огцруулах саналыг Ерөнхий сайдад уламжлах эрх нь ч нийслэлийн ИТХ-д бий. Харамсалтай нь, “төлгөн коммунист томорч, төр эргүүлэхэд ч түвдхээргүй болчихож.
















