Аудитын байгууллагаас Монголын төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийхэд ноцтой зөрчлүүд илэрч “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт гарчээ. Төмөр замын салбарт улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 онд байгуулагдсан тус компанийг 2025 оноос О.Батчулуун удирдаж буй.
Тэгвэл Монголын төмөр зам ТӨХК-д аудитаар 36,1 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 36 тэрбумын 6 албан шаардлага хүргүүлж, 50.2 сая төгрөгийн хоёр зөвлөмж өгсөн байна. Аудитаар илэрсэн 36,1 тэрбумын зөрчлөө залруулаагүй учраас “Хязгаарлалттай" дүгнэлт өгчээ.
Монголын төмөр зам ТӨХК нь төв оффистоо тавилга эд хогшлыг 176.7 сая төгрөгөөр худалдан авсан.
Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчин татвар төлөгчдийн 59.7 сая төгрөгөөр биеийн тамир, спортын уралдаан тэмцээн зохион байгуулсан.
“Таван толгой төмөр зам” ХХК-аас Монголын төмөр зам ТӨХК-д түрээсийн гэрээгээр ашиглуулах хөрөнгөнөөс 328.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хүлээн аваагүй гэж аудит дүгнэжээ. Түүнчлэн байгууллагын бүтцийн нэгж, албан тушаал бүрээр үндсэн цалингийн сүлжээ батлаагүйгээс албан тушаалын цалин хөлсний хэмжээг хөдөлмөрийн гэрээгээр тогтоож байгаа нь хууль бус.
Дотоод албан томилолтын баримтын бүрдэл дутуу, томилолтын хуудасны ирсэн, явсан тэмдэглэл засвартай, гарын үсгээр баталгаажуулаагүйгээр нийт 63.7 сая төгрөгийн томилолтын зардал олгосон, өмнөх аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй. Жолоочийн замын хуудас бүрэн хөтлөөгүй, шатахууны зарцуулалтын тайлан гаргаагүй 50.2 сая төгрөгийн шатахуун зарцуулсан.
Тайлант онд ээлжийн амралтын хуваарийг батлаагүй, ажилчдын ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх нөхцөл боломжоор хангаагүйгээр нэр бүхий 785 ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд ажиллуулан тэрбум гаруй төгрөгийн цалин хөлс олгосон.
Харилцагч 60 байгууллагын 26,3 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй. Харилцагч 115 байгууллагын 4,2 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, 2 харилцагчийн авлагын дүн тооцоо нийлсэн актын дүнгээс 3,6 тэрбум төгрөгөөр дутуу буюу зөрүүтэй.
Бараа материалыг бөөн дүнгээр зарлагадсан, зарлагын баримтыг хүлээн авсан ажилтан, нягтлан бодогчийн гарын үсгээр баталгаажаагүй, баримтын бүрдэл дутуу 166.9 сая төгрөгийн бараа материалыг зарцуулсан.
Худалдан авах ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулаагүй, төсөвт өртгийг хувааж 581.6 сая төгрөгийн хөдөлмөр, хамгааллын хувцас хэрэгсэл худалдан авсан гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, Монголын төмөр зам ТӨХК-иас тэрбум тэрбумын санхүүгийн зөрчил илэрч, акт тогтоожээ. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж буй дээрх үйлдэлд хэн хариуцлага хүлээх талаар үргэлжлүүлэн судалж бичих болно.

















