Дэлхий нийтээрээ хэнийг ч орхигдуулахгүй ижил тэгш зарчмаар хөгжих тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлж байна. Товчхондоо, нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх нь хүн төрөлхтний “гэрийн даалгавар” болоод буй. Ийн ирээдүйд ээлтэйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангахын тулд бодитой үйлдэл хийх нь улс орон, эх дэлхийдээ үзүүлж буй маш том дэм билээ.
Тэгвэл дэлхий нийтээрээ нэгэн зүгт харж, тэмүүлж буй тогтвортой хөгжилд зөвхөн төр засгаас илүү аж ахуйн нэгж, хувийн хэвшлүүд манлайлж ажиллах боломжтой. Тэр ч утгаараа бизнесийн үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн байгаль орчиндоо ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй ногоон ирээдүйн төлөөх хүчин чармайлт, бодлогоо тодорхойлж түүнийгээ Тогтвортой хөгжлийн тайлангаараа дамжуулан хүргэдэг.
Тэгвэл бизнесийн байгууллагууд байгальд ээлтэй ногоон ирээдүйд хэрхэн хувь нэмрээ оруулж, “гэрийн даалгавраа” хийж байна вэ гэдгийг сонирхоё.
Товчхондоо, аж ахуйн нэгж байгууллагууд тогтвортой хөгжлийн төлөөх инновацыг тасралтгүй хөгжүүлэх тусам брэндийнх нь үнэ цэн өснө. Хэн байгальд ээлтэй байх тусам олон улсын зах зээл дээр гол тоглогч болж, ирээдүйд өсөн дэвжих үнэ цэнээ бүтээх юм.
ХАМТЫН ҮНЭ ЦЭН БҮТЭЭЖ, ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨХ ТУУШТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ “БОНЗ”
Тогтвортой хөгжил дотор олон агуулга бий. Компанийн бүх талын оролцогчид болох ажилтнууд, үйлчлүүлэгчид, эрх ашиг нь хөндөгдөж буй хэсэг бүлэг, хүрээлэн буй орчин гээд бүхий л талуудын ашиг сонирхлыг тооцсон эдийн засгийн үнэ цэнийг бүтээх, үүнийг БОНЗ буюу Environmental, social and governance (ESG) Байгаль орчин, нийгэм, засаглалыг илэрхийлдэг хүн төвтэй, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн төлөө үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бүхий л салбараараа дамжуулан хамтын үнэ цэнийг бүтээж, ирээдүйн сайн сайханд тууштайгаар хөрөнгө оруулах юм.
Хувийн хэвшлүүд дундаас, Юнител групп нэлээн зузаан товхимол бүхий тайлагнаж цахим хуудсандаа байршуулжээ. Тухайлбал, Юнител групп эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр хэрэгжүүлснээр төлөвлөөгүй санхүүгийн ачааллаас хөнгөрөх боломж бүрдсэн. Санхүүгийн яаралтай хэрэгцээ гарвал хоёр сар хүртэл хугацаанд хүүгүй зээл авч, дараа нь буцааж төлөх боломжийг олгодог. Уян хатан цагийн бодлого баримтлахаас гадна бид сүүлийн 4 жил “Дистрибьютед оффис”-ын бодлогыг хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, ажилтан өөрийн оршин суугаа газартайгаа ойрхон байрлах салбар оффист очиж ажиллах боломжтой гэсэн үг. Энэ бодлогын үр дүнг үнэлж харахад, ажилтны сэтгэл ханамжийн хувь мэдэгдэхүйц ахисан. Жишээ нь, уян хатан ажлын цаг нэвтрүүлснээс хойших хугацаанд ажилтнуудын бүтээмжийн үзүүлэлт тогтвортой өссөн, ажлын гүйцэтгэлийн чанар дээшилсэн гэдэг нь тодорхой үзүүлэлтүүдээр батлагдсан. Мэдээж цаг үеийн өөрчлөлт, ажилтнуудын хүлээлт, технологийн хөгжлийг дагаад бидний байгууллагын соёл тасралтгүй шинэчлэгдэж, баяжиж байгаа. Ингэхдээ бид нэг дор том өөрчлөлт хийхээсээ илүү, өдөр тутмын жижиг сайжруулалтуудаар соёлоо шинэчилж явдаг. Бид энэ процессыг "байнгын инновац" гэж нэрлэдэг хэмээн группийн Хүний нөөц хариуцсан дэд захирал С.Оюунсүрэн ярьсан байна лээ. Энэ бол түүний хэлснээр ирээдүйд брэнд, үнэ цэнээ дотооддоо болон дэлхийн зах зээл өсгөх “тогтвортой инновац” гэж хэлж болохоор.
БАЙГАЛЬ ЭЭЛТЭЙ БАЙХ ҮҮДНЭЭС ХАЯГДАЛ ТӨХӨӨРӨМЖИЙГ БУЦААЖ ЦУГЛУУЛДАГ

Харин бид энэ удаад зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, байгальд ээлтэй байх, эрчим хүчний хэмнэлтийг бууруулах агуулгыг онцолж байна. Үүний нэг нь дэлхий нийтэд аюулын харанга дэлдэж буй электрон хог хаягдал. Технологи хөгжихийн хэрээр өндөр хүчин чадалтай дижитал хэрэгслүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр шинэ загварууд өдөр бүр шинэчлэгдэн гарч байгаа нь хуучин төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацааг үлэмж хэмжээгээр богиносгодог аж. Монгол Улсын хувьд электрон хог хаягдлыг аюултай ангилалд оруулдаг хэдий ч зохицуулалтын дэд бүтэц дутмаг, олон нийтийн мэдлэг бага тул электрон хог хаягдлын менежмент хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүд эдгээр бэрхшээлүүдтэй нүүр тулж байна. Тэгвэл дижитал, технологийн үйлчилгээ үзүүлэгч компанийн хувьд Юнител групп электрон хог хаягдлын хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах үүднээс өөрсдийн үйл ажиллагаанаас гарах электрон хаягдлыг зөв зохистой, байгальд ээлтэй байдлаар зохицуулахыг зорьж байна.
Ингэхдээ та бидний хамгийн сайн мэдэх Юнивишнийн төхөөрөмжүүд ашиглалтаас гарахад тэдгээр нь хэрэглэгчдийн гарт электрон хаягдал болж үлдэхээс сэргийлж сайн дурын үндсэнд буцаан цуглуулж, зөв зохистой аргаар дахин боловсруулж байна.
Энэ хүрээнд сүүлийн хоёр жилд 29239 төхөөрөмжийг хэрэглэгчдээс буцаан авч 6700 кг электрон хаягдлыг байгальд булшлахаас сэргийлжээ. Мөн үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн хар тугалганы батарейг ашиглалтаас гармагц литий-ионы батарейгаар үе шаттайгаар сольж эхэлсэн байна.
Хар тугалга, хүхрийн хүчил зэрэг байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой химийн нэгдлүүдийг агуулдаг хар тугалганы батарейтай харьцуулахад литий-ионы батарей нь байгаль орчин илүү ээлтэй сонголт юм. Хар тугалганы батарейтай харьцуулахад литий-ионы батарейн өртөг 2-3 дахин өндөр байдаг хэдий ч урт хугацаандаа үр ашигтай хөрөнгө оруулалт гэж харжээ.
Байгаль ээлтэй байх үүднээс зэрлэг амьтдыг ундаалах “Хөв цөөрөм”-ийг 15 аймагт 70 гаруйг байгуулсан. 2021 оноос хойш 7300 мод тарьсан, 2022 онд НБОГ-тай хамтран Багахангай дүүргийн нутагт дэвсгэрт махчин шувууны үүр барих төслийг эхлүүлсэн нь өдгөө тэдний тоо толгойг нэмэгдүүлж, идэш тэжээл болох мэрэгчдийн тоо толгойг бууруулж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэхэд чухал ажил болж байгаа аж.

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ЖИШИГ ШИЙДЛҮҮД....
Энэ дундаас манай улсын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ юм. Дэлхийн гадаргуугийн хэм зохих түвшнээс хэтэрч, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаагийн гол хүчин зүйл нь хүн төрөлхтний явуулж буй бүхий л төрлийн үйл ажиллагаанаас ялгарах хүлэмжийн хий юм. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд цаг уурын байдал тогтворгүйжиж, ган гачиг, зуд, ойн түймэр, үер зэрэг гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр байна. Тиймээс улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг бодлогын түвшинд хэлэлцэж, бизнес эрхлэгчид үйл ажиллагааныхаа байгальд учруулах сөрөг нөлөөг бууруулахад анхаарч байна.

Тэр дундаа харилцаа холбооны компаниуд үйл ажиллагаандаа нүүрсний цахилгаан станцууд буюу Дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг их хэмжээгээр ашигладаг нь компанийн хүлэмжийн хийн ялгарлын ихээхэн хувийг бүрдүүлдэг. Харин Юнител групп цахилгаан эрчим хүч хэмнэх хамгийн үр дүнтэй арга болох эрчим хүч ихээр зарцуулдаг хуучирсан тоног төхөөрөмжүүдийг ашигт үйлийн коэффициент өндөр сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр шинэчлэн сольж байгаа. 2024 онд Дата төв дээрх серверүүдийн хөргөлтийн төхөөрөмжүүдийн ажиллах тохиргоог оновчилсон бөгөөд үүрэн холбооны станцууд дээрх зарим төхөөрөмжийг агаар сэлгэлтийн (free cooling) системээр сольсон. Мөн цахилгаанаас гадна Дата төв дээрх халаалтын ялтсан бойлеруудыг сольсон нь дулааны эрчим хүчний хэмнэлтийг бий болгож байна. Эрчим хүчээ хэмнэх нь үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийг бууруулахаас гадна зардлыг ч мөн бууруулах ач холбогдолтой. Тиймээс бид ашиглаж буй тоног төхөөрөмж болон бусад шийдлүүдээ сонгохдоо байгальд ээлтэй байдал болон эрчим хүчний хэмнэлттэй байдлыг нь харгалзан үздэг гэдгийг Тогтвортой хөгжлийн тайландаа дурджээ.
Мөн бааз станцуудын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 10 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг байна. Түүнчлэн үйл ажиллагааны зардал болон байгаль орчинд учруулах нөлөөгөө бууруулах зорилгоор 2024 онд дотоод шаталтат хөдөлгүүр бүхий SUV ангиллын тээврийн хэрэгслийг цахилгаан тээврийн хэрэгслээр сольжээ. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь ямар нэг байдлаар хүлэмжийн хийн шууд ялгарлыг бий болгодоггүй гэдгээрээ байгальд хамгийн ээлтэй унааны нэг бөгөөд үр дүнд нь тухайн тээврийн хэрэгсэлд ногдох эрчим хүчний зардал 31 хувиар, хүлэмжийн хийн ялгарал 65 хувь буурчээ. Энэ талаар эрчим хүчний салбарын эксперт Э.Мягмардорж “Манай улсын хувьд дотоодын эрчим хүчний хангамж хүрэлцээгүй, дутагдалтай байгаа учраас эрчим хүчээ хэмнэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах нь тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Ер нь байгальд ээлтэй ногоон бизнес эрхэлж байгаа нь тухайн компани хэр чадамжтай, үнэ цэнтэй вэ гэдгийн илэрхийлэл болдог.
Бүтээгдэхүүнээ байгальд ээлтэйгээр ажиллаж бий болгож, үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгчдийн хувьд маш үнэ цэнийг өгөөд зогсохгүй компани болон иргэдийн хамтарсан үнэ цэнийг бүтээж байгаа” гэлээ.
Энэ удаа бид Юнител группыг онцолсон бол бусад жишиг шийдлүүдийг үргэлжлүүлэн хүргэх болно. Уншигч та бүхэн Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж буй хувийн хэвшлүүдийн жишиг үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй: http://unitelgroup.mn/sustainability/report_2024
Сэтгүүлч С.УЯНГА