Монгол Улс хот хөдөөгүй явгарлаа. Нэг л өглөө шатахууны үнэ огцом нэмэгдэж, нийтээрээ шөнө нь колонк бараадаж хоноод өглөө нь ажилдаа явдаг болоод удаж байна. Ард түмэн зуны дэлгэр цагт найр наадам хэсэж, амарч зугаалах биш явсан суусан газраа балга бензин царайчилж бухимдсаар таарлаа. Гэтэл Монголын төр стратегийн бүтээгдэхүүний бодлогоо урьдчилан төлөвлөж, бэлтгэл бэлэн байдлаа хангаж чадаагүйгээ ард иргэд рүү бухаж буруутгасаар өдий хүрлээ. Иргэд найр наадам хэсэж шатахуун их хэрэглэлээ, хиймэл оочер үүсгэлээ, банкаа дүүргэлээ гэж хэвлэлийн хурал хийж загнасаар байна. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням наадмаар шатахуун хомсдоход “Түгжрэлд нэмэртэй” гэж даажигнаж байсан бол өнөөдөр ч мөн адил тэгш, сондгойгоор бензин өгсний үр дүнд түгжрэл буурлаа хэмээн доромжилж зогсох жишээтэй.

Н.Учралын Засгийн газрын хамгийн хоржоонтой нь дотооддоо саваар шатахуун өгөхийг хориглосон хэрнээ канистраа бариад хил рүү явцгаа, гаалиа нээлээ гэж зарлав.

Г.Дамдинням сайд “Иргэд хэрэглээндээ 50 литр бензин аваад хилээр оруулж ирэх нээлттэй. Харин аж ахуйн нэгжүүд аюулгүй байдал, стандартаа баримтална гэвэл бүх зөвшөөрлийг нь өгнө. Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэж, гаалийн нээлттэй бодлого хэрэгжүүлнэ” гэв.

Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар өнгөн дээрээ шатахууны зах зээлийг чөлөөллөө гэж буй хэдий ч олон нийтийн дунд "төр стратегийн бүтээгдэхүүн шатахууны хангамжийн хариуцлагаасаа бултаж иргэдэд даатгаж орхилоо".

Татвар тэглэсэн нэрээр стратегийн бүтээгдэхүүний хараат байдлыг ард түмний нуруун дээр үүрүүлэв үү гэх шүүмжлэл дагуулж байна.

Үнэндээ манай төрийн шатахууны хямралыг шийдэх төлөвлөгөө нь өөрсдөө импортлоод, өөрсдөө зохицуул гэдэгтэй агаар нэг юм. Зүй нь өдийд жилийн дотор монголчуудыг хэд хэдэн удаа явгалж, хэдэн арван шөнөөр оочерлуулж, адаг сүүлд нь аялал жуулчлалын салбарыг хөсөр хаяж аялагчдыг ШТС дээр “уясан” харалган, хариуцлагагүй, бэлтгэл, төлөвлөгөөгүй бодлого хэрэгжүүлснийхээ төлөө салбарын сайдаас эхлээд хариуцлага ярьж байх учиртай. Атал салбарын сайд нь гарч ирээд тэгш, сондгойн зохицуулалт хамгийн үр дүнтэй байна. Түгжрэл буурлаа, ШТС дээр оочерлож байгаа иргэдийг алган дээрээсээ хардаг аппликейшныг нэвтрүүлнэ хэмээн даналзаад зогсож байна.