Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ирэх сарын 7-нд хийх гэж байна. Түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийн хүрээнд ерөнхий аудиторын албан тушаалд санал болгож буй. Тэд нэг нутгийнх юм. 50 настай С.Магнайсүрэн нь Говь-Алтай аймагт төрсөн.
1997 онд “Улаанбаатар эрдэм” дээд сургуульд багшаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн юм. С.Магнайсүрэн нь үүнээс өмнө буюу 2015 оноос Хөдөлмөрийн болон Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд тус албан тушаалд нэр дэвшсэн хүн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
-45 нас хүрсэн байх;
-эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх;
-төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх;
-сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх;
-Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой.