УИХ-ын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.03) хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, энэ талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн эцсийн санхүүгийн тайланг олон улсын аудитын P&C компани баталгаажуулсан бөгөөд алдагдлыг 300 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг тус зөвлөлийн дарга Н.Ууганбаатар танилцуулсан бөгөөд P&C компани Төвбанкны жилийн санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Хяналтын зөвлөлөөс хараат бус аудитор болон Монголбанкны удирдлагатай тус  дүгнэлтийн талаар уулзжээ. Хязгаарлалттай дүгнэлт өгсөн шалтгаан нь 2018 онд Монголбанкны хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, Эрдэнэсийн санд хөрөнгөөр бүртгэсэн 1925 оны зэс, мөнгөн зоостой холбоотой гэв. Хөндлөнгийн аудитын байгууллага эдгээр зоосыг хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэх, эсэх дээр хангалттай нотолгоо олж чадаагүй, дээрээс нь үнэлгээ нь бодит үнэ цэнээр бус гэсэн шалтгаанаар 2018 оноос хойш “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөөр ирсэн болохыг тайлбарлав. Хяналтын зөвлөлөөс Эдийн засгийн байнгын хороо, Монголбанкны удирдлагад тус тус хүргүүлэх санал, зөвлөмж гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Улмаар Ирээдүйн өв сангийн валют болон тус банкны Төрийн сангийн дансан дахь хуримтлал, Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, гүйцэтгэл болон Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гишүүн О.Батнайрамдал, Б.Жаргалан, П.Батчимэг, М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин нар ажиллахаар боллоо. Түүнчлэн гишүүн Ж.Алдаржавхлангийн гаргасан саналын дагуу ипотекийн зээлийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэжээ.