Энэ намрын улс төрийг чинээнд нь тултал халаасан, “гал”-тай үйл явдал энэ долоо хоногт өрнөлөө. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан төрийн цэргийн байгууллагуудын талаар тун ноцтой мэдээлэл хийхдээ овоо хараагаа Ерөнхий сайд асан Г.Занданшатар руу чиглүүлсэн нь тааварлашгүй, тун сонин үзэгдэл байв. Н.Учралын танхимд хуулийн сайдаар дөрвөн сар гаруй ажилласан С.Амарсайхан “Улстөрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуу өнгөрсөн хугацаанд мафийн сүлжээ угсарсан нь бүрэн утгаараа ажиллаж байна. Үүнд улс төр, улс орон, хууль сахиулах байгууллага, төрийн цэргийн байгууллагыг татан оролцууллаа. Мөрдэстэй байгууллагууд хууль зөрчиж акц хийхдээ төрийн нэрээр хулгай дээрмээ нуух гэсэн нөхөд амь тавин тэмцэж байна.  

Монгол Улсын хар хайрцагны бодлогыг гадаад орчин нөхцөл тогшиж байна. Тиймээс хууль бус үйл ажиллагааг тэвчихгүй, хулгай дээрэм хээл хахуулийг хүлээхгүй, хар тамхи цахим залиланг таслан зогсоох ёстой гэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Төрийн цэргийн байгууллагууд төрийн эрхийг хууль бусаар авахаар, хулгай дээрмээ илчлэгдэхээс айн бүлэглэж байна” гээд ШШГЕГ, цагдаагийн байгууллагыг дурдаад шүүхийн шийдвэрт хууль бус тагнуулын газар бий болсон гэв. Тэрбээр эл мэдэгдлийнхээ маргааш нь сайдаасаа чөлөөлөгдлөө.

Мягмар гарагт ажил тарахын үед ийн мэдэгдсэн ХЗДХ-ийн сайдын араас Ерөнхий сайд асан Г.Занданшатар няцаалт хийв. Монголын шигшээ багтай  Дэлхийн шатрын олимпиадад оролцож явна хэмээн Самаркандаас мэндчилэхдээ С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга. Хоёулаа хуулийн өмнө тэгш эрхтэй болчихоод хөтлөлцөөд шалгуулъя гэдгийг онцлоод “Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш улс төр, улстөрчдөөс аль болох зай барьж, оюуны спортыг хөгжүүлэх, шатраар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах, хөрөнгө оруулалт татах үйл хэрэгт нөхдийн хамт хүчин зүтгэж явна.

Намын нөхөр, журмын анд хэмээн итгэж, танхимынхаа сайдаар томилон хамтран ажиллаж байсан хүн өнөөдөр ийнхүү над руу гүжир гүтгэлэг чиглүүлж байгаад бүр ч их харамсаж байна.

Би С.Амарсайханыг хотын дарга болох үеэс нь эхлэн дэмжиж, улмаар Ерөнхий сайдын хувиар Шадар сайдаар томилж байсан нь бодит үнэн.

Гэтэл тэрээр танхимынхаа эсрэг байр суурь баримталж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, санал өгч, манай Засгийн газарт хамтран ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнд өс хонзон санаж, ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байгаа нь арга мухардсан хүний үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна.

Өнөөдөр үнийн өсөлт, шатахуун гээд иргэдийн амьдрал хүнд, эдийн засагт сорилт их байна. Ийм үед төрийн бодлого хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа хамгаалах, авлига, хулгайтай тэмцэх, хөгжлийн асуудалд төвлөрөх ёстой болохоос албан тушаал, эрх мэдлийн маргаанд автах ёсгүй.

Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй.

Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно” гэв.

Одоо тэд хоёулаа албан тушаалгүй, хуулийн өмнө тэгш эрхтэй боллоо. Тиймээс хэлсэн ярьснаараа хөтлөлцөөд хуулийн байгууллагад шалгуулж хэн нь үнэн, хэн нь худалч гэдгээ нотлох боломж бүрдлээ.

Ингээд С.Амарсайханы өгсөн мэдээллийг Г.Занданшатар хэрхэн няцаасныг тоймлон хүргэж байна.

С.Амарсайхан:

-Удган Булнай гэх эмэгтэй Г.Занданшатарын ойрын хамаатан. Энэ эмэгтэйн "Арвин хур" гэдэг компани цагдаагийн байгууллагын олон барилга барих, засвар хийх бүх ажлыг хариуцаж авдаг. 1.2 тэрбумын тендер авсан байна. Цагдаагийн дарга нартай маш ойр хүн. Хэн ч харсан итгэмгүй бичлэгийг энэ эмэгтэй зохион байгуулалттай хийсэн. Цагдаагийн алба хаагч бусдаас мэдүүлэг авахдаа зориулалтын өрөөнд, камерын дор мэдүүлэг авах хуультай. Гэтэл Дашцэрэн гэж хурандаа яагаад миний нэрийг хэлж, миний өмнөөс хэрэг наймаалцсан бичлэг хийж байгаа юм? Энэ бол зохион байгуулалттай ажиллагаа. Үүнийг шалгуулахаар би Тагнуулын байгууллагад дахиад хандаж байна.

-Г.Занданшатар:

- Ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Хууль зүйн сайд С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ.

Үүнд үнэн юм нэг ч алга.

Баримт, бодит үйл явдлаар түүний гүтгэлгийг няцаах нь зүйтэй гэж үзэж байна.

Ийм тодорхой баримтыг ч үл харгалзан олон нийтийн өмнө худал мэдээлэл тарааж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа Хууль зүйн сайд ТА ярьсан бүх зүйлээ хууль дээр очиж баримтаар нотол.

Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя.
Иргэн миний адил хуулийн өмнө тэгш байж, бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахыг шаардаж байна.

Харин өөрт тавигдсан асуултаас миний нэрээр бүү булт.

Би баялгийн мафитай тууштай тэмцэж ирсэн.

Үүний улмаас улс төрийн хүчтэй шахалт, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь улс төрийн шийдвэрийн үр дүнд албан тушаалаа өгсөн.

Хууль зүйн сайд хүн хууль сахиулах салбартаа мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлж, улс төрийн явцуу ашиг сонирхлоос салбараа хамгаалах үүрэгтэй.

Ялангуяа хууль сахиулах байгууллагыг улс төрийн өрсөлдөөн, хувийн тооцоо, улс төрийн явцуу ашиг сонирхлын хэрэгсэл болгон ашиглаж болохгүй.

Өнөөдөр өөрийн удирдаж буй салбар руугаа ноцож, хууль дээдлэн ажиллаж буй мянга мянган хууль сахиулагчдын итгэл зүтгэлийг үгүйсгэж буй нь дэндүү увайгүй үйлдэл юм.

-С.Амарсайхан:

-ШШГЕГ-ын харьяанд асар их нөөцтэй, өндөр чанарын нүүрсний орд, Монгол Улсад ховорд тооцогдох өндөр чанарын гантиг чулууны орд байдаг. Энэ ордыг ашиглах асуудлаар тухайн үед Ерөнхий сайд асан Г.Занданшатар А.Намсамандтай хамтран сонирхож, тодорхой үүрэг чиглэл өгч байсан.

Энэ талаар А.Намсаманд өнгөрсөн долоодугаар сард хоёр удаа миний өрөөнд орж ирсэн. Засгийн газарт оруулж өгөхийг асууж цаашлаад хувийн компани оролцуулах талаар хүртэл ярьж байсан.

-Г.Занданшатар:

- С.Амарсайхан намайг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэн байна.Үнэн хэрэгтээ би Ерөнхий сайд байхдаа 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, сэргээх боломжийг судлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байсан.

Энэ талаар тухайн өдөр Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээ нийтлэгдсэн бөгөөд өнөөдөр ч олон нийтэд нээлттэй байна.

Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27454

Ашиглагдахгүй алдагдсан ордыг буцаан авч, улсын өмчит үйлдвэр байгуулах боломжийг судлах үүрэг өгснийг хууль бус үйлдэл, эсвэл хувьдаа завших оролдлого гэж үзэх үү гэдгийг та бүхэн дэнсэлнэ биз ээ.

-С.Амарсайхан:

- Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа ардаа алтны уурхайтай Б.Оюутболд гэж хүнийг Экологийн цагдаагийн даргаар томилсон. "Вайнд майнд" ХХК 5 тэрбум төгрөгийг хээл хахуульд өгсөн асуудал бий. Намайг ч элдэв хүмүүсээр дамжуулж, худалдаж авахаар оролдсон. Үүний цаана Г.Занданшатар, Б.Оюутболд нар байгаа.

-Г.Занданшатар:

- Би гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Харин Оюутболд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр томилогдсон байна.

Өөрөөр хэлбэл, түүнийг сайдын албан тушаалд очих үед би аль хэдийн төрийн алба хашихаа больж, энгийн иргэн болсон байсан. Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй.

-С.Амарсайхан:

-Монгол Улсад хар тамхи өнөөдөр цагаан нэртэй хар тахал болсон. Хүүхэд багачууд 100, 100 мянгаараа өртөж байна. Хар тамхи хэдэн зуун мянгаар тоологдох хэмжээнд хүрсэн. Үүнийг өнөөдрийн хууль сахиулах байгууллагын зарим ялзарсан, илжирсэн удирдлага, хурандаа, генералууд дарж ирсэн. Хар тамхитай тэмцэх төсвийг улсын төсвөөс зориуд хасаж ирсэн. Намайг сайдаар ирэхэд "хар тамхи илрүүлэх тест 24-хөн ширхэг байна. Тест авч өгөөч" гэсэн байдалтай байсан. Хар тамхийг албаар эзэнгүй болгож, залуусыг хар тамхинд живүүлэх хорлох ажиллагаа. Үүний ард улстөрчид, урлаг соёлынхон, ТӨК-ийн захирлууд хүртэл бий. ЦЕГ дотроос хүртэл "хэргийг битгий мөрд, хаа" гэдэг үүрэг өгч байна.

-Г.Занданшатар:

- Манай Засгийн газар 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлж, хар тамхитай дайн зарлах үүрэг өгч байсан.

Одоо байдал харин ямар байна?

Энэ талаар мөн Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр мэдээлэл нийтлэгдсэн.

Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27323