Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд ажлын дөрвөн өдөртэй болж, нэг өдөр нь цахимаар ажиллаж эхлээд байна. Шинэхэн Засгийн газрын төрийн албан хаагчдыг тойлсон шийдвэр үүгээр дууссангүй. Амралтын өдөр ажиллуулж болохгүй, цаасан тайлан нэхэхгүй л гэнэ. Төрийн албан хаагчдын ачаалал чухам л ноцтой түвшинд байна, тэднийг хайрла гэх утга бүхий мэдэгдэл Ерөнхий сайд хийв. Энэ нь түгжрэл, түлшний хэмнэлтэд ч тустай болохыг онцлон дурдав.
Төрийн албан хаагчдын ажлыг л багасгачихвал Монгол Улс түгжрэлгүй, түлшний хомсдолгүй болох аж. Угтаа түгжрэлийг бууруулж, түлшний хомсдолыг зохицуулах нь төрийн үүрэг. Энэ мэт асуудлыг шийдвэрлэх гээд төрд сайд, дарга, төрийн албан хаагчид ажилладаг. Гэтэл төр үүрэг хариуцлагаа өөрөөсөө холдуулж төрийн албан хаагчдыг амраах байдлаар "гал унтрааж" шийдэж боломгүй.
Түгжрэл, түлшний зарцуулалтад төрийн бүтээмж буруутай байж л дээ. Түлшний хомсдол үүсэж, түгжрэл нийгмийн гол стресс болж байгаа нь үнэн. Хэн ч үүнтэй маргахгүй. Энэ асуудлыг шийдэх гаргалгаа нь үе үеийн Засгийн газрын шүдний өвчин болсоор ч ирсэн. Гэлээ гээд төрийн албан хаагчдынхаа хөлийг хорьж, эл асуудлыг шийднэ гэдэг байж боломжгүй зүйл.
Төрийн бүтээмжийг үл тоомсорлон байж ийм шийдвэр гаргаж байгаа төр өөрөө чадамжгүй байна.
Төрийн албан хаагчдын амралт багадаагүй. Ажил хийх цаг л чамлагдаж байгаа. Хэзээний л энэ байгууллагуудын хүнд суртал иргэдийг бухимдуулсаар ирсэн. Одоо “цахим”-аар ажиллаж байгаа гэдэг үг нэмэгдэж иргэдэд бүр л чирэгдэл учрахаар байна.
“Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр төрийн захиргааны байгууллагуудын хүнд суртал, ажил цалгардуулалт энэ шийдвэрийн дүнд улам гаарах нь цаг хугацааны л асуудал боллоо.

















