ХЭҮК-оос уламжлалын дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлээ бэлэн болгоод байна. Тус илтгэлд Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг асуудлыг онцгойлон хөнджээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний салшгүй нэг хэсэг нь түргэн тусламжийн үйлчилгээ буюу иргэдэд яаралтай үед шуурхай, чанартай эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлэх явдал юм. Гэвч Монгол Улсад түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдалд нөлөөлж буй хэд хэдэн бүтцийн асуудал байна. Тухайлбал, түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл хангалтгүй, тээврийн хэрэгслийн тоо хүн амын нягтаршил болон газар нутгийн онцлогт бүрэн нийцэхгүй байна. Алслагдсан сум, багийн иргэдэд яаралтай тусламж цаг хугацаанд нь хүрэхэд хүндрэл учирч байгаагийн зэрэгцээ Улаанбаатар хотод замын хөдөлгөөний ачаалал дуудлагад очих хугацааг уртасгаж, үйлчилгээний шуурхай байдлыг алдагдуулж байна. Иймээс түргэн тусламжийн автомашины парк, тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн хүртээмжийг сайжруулах, дуудлага хүлээн авах болон удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлэх, зам тээврийн орчны зохицуулалтыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж, түргэн тусламжийн үйлчилгээний шуурхай байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Түргэн тусламжийн хүртээмжийн тулгамдсан асуудал нь үр дүнгүй буюу шаардлагагүй дуудлага байна. Энэ нь яаралтай тусламжийн нөөц (эмч, сувилагч, автомашин, шатахуун, цаг хугацаа)-ийг бодит яаралтай тусламж шаардлагатай иргэдэд хүргэх боломжийг хязгаарлаж, тусламж үзүүлэх хугацааг удаашруулах эрсдэлийг дагуулж байна.
Комиссын илтгэлд дурдсанаар Нийслэлийн түргэн тусламжийн төв сүүлийн гурван жилд буюу 2023-2025 онд 1.347.761 дуудлага бүртгэгдсэнээс үр дүнгүй дуудлага 72.185 бүртгэгджээ. Үүнээс газар дээр нь очсон 26.951 байна.
Үр дүнгүй дуудлагын тоо 2025 онд өмнөх оноос 13.767 хандалтаар буюу 57.3 хувиар нэмэгдсэн байх бөгөөд тэдгээрээс газар дээр очсон тохиолдол 15.450 болж өмнөх оноос мөн л гурав дахин өссөн байна.


ЭМДҮЗ-ийн 2025 оны 04 дүгээр тогтоолын дагуу түргэн тусламжийн нэг дуудлагын үйлчилгээний суурь тарифыг 50.076 төгрөгөөр тооцохоор заасан байна.
Энэхүү мөнгөн дүнгээр үр дүнгүй очсон дуудлагын зардлыг тооцож үзвэл 2025 оны байдлаар 1.6 тэрбум төгрөг болж байгаа юм. Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зүгээс үр дүнгүй дуудлагыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Гэтэл нэг хэсэг нь түргэн тусламжийн машин, эмч, шатахууны зардлыг үргүй зарцуулж шаардлагагүй дуудаж байхад нөгөө талд яаралтай тусламжийн шуурхай байдал хангагдаагүйгээс үүдэн өвчтөн хүндрэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, эсвэл нас барах эрсдэлийг бий болгож буйг комисс тайландаа онцоллоо.
Монгол Улсад аварч, эмчилж болох хүмүүсийг алдаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хамгийн том сул тал болж байна. Иргэдэд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ болон төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг амьдарч байгаа газар нутагт нь түргэн, шуурхай, чанартай хүргэх тогтолцоог бүрдүүлэх нь цаг үеийн тулгамдсан шаардлага болоод байна. Энэ хүрээнд орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, яаралтай тусламжийн орон нутгийн сүлжээг өргөжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагуудад үр дүнтэй менежментийн тогтолцоог нутагшуулах шаардлагатай байгааг хөндлөө.







.jpg)







