Туулын хурдны замын төсөл сүүлийн хэдэн сарын турш Монголчуудыг талцуулж, хагаралдуулж гүйцлээ. Нэг талд ундны ус, байгаль орчноо хамгаалахыг уриалсан иргэдийн жагсаалтай тулж байгаа бол нөгөө талд түгжрэлийг сааруулах бүтээн байгуулалтыг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой гэсэн байр сууринаасаа хотын удирдлагууд ухарсангүй. Эцэст нь олны хэл ам хэрүүл тэмцлийг өдөөсөн Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал гаргалаа. Ингэхдээ олон нийтэд эргэлзээ төрүүлээд буй төслийн санхүүжилт, түүнтэй холбоотой бас бус асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн битүү хатуу байр суурь илэрхийлээд орхилоо. Үндсэндээ Туулын хурдны замыг зогсоож олны хэл амыг багасгаж түр зуур гал унтрааж буй хэрэг юм.
Тэгвэл Засгийн газрын тэргүүнийхээ гаргасан шийдвэрийг сөрж “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурийг танхимынх нь зарим сайд нар ил тод илэрхийлээд байна. Үүнийг нэг талаас Н.Учрал танхимаа базаж чадахгүй байгаа учраас сайд нар нь танхимын зарчмаар ажиллахгүй байна гэх шүүмжлэлд өртөөд байна.
Н.Учралын танхимын сайд нараас Шадар сайд Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар “Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг үргэлжүүлэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” батлагдаагүй гэсэн шалтгаанаар төслийг түр зогсоох шийдвэр гаргаад байсан бол төд удалгүй Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан учраас эхлүүлэхийг зөвшөөрөхдөө “Төслийг түр зогсоосон. Түүнээс ямар нэг тээг саад хийгээгүй. Төслийн ач холбогдлыг үгүйсгээгүй. Харин усаа хамгаалах нэрийн доор улстөржүүлж, зохион байгуулалттайгаар албаар ажлыг гацаах гэсэн хүмүүс байгаа. Ялгаж салгах ёстой. Зөрчлөө арилгасан учраас Туулын хурдны замын ажлыг эхлүүлж болно, хамтарч ажиллана" гэв.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Намайг хотын дарга байхад метро, Туулын хурдны зам яригдаж л байсан. Эртнээс л төлөвлөсөн ажил. Туулын хурдны замын төслийг засаж, сайжруулаад бүтээн байгуулалтаа явуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Мөн Шадар сайд Н.Номтойбаяр “Туулын хурдны замын талаар миний байр суурь маш тодорхой. Хурдны зам бидэнд хэрэгтэй. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ хугацаа алдсанаар асар их хэмжээний эдийн засгийн хохирлыг учруулж байна. Авто замын түгжрэлээс шалтгаалж бид хамгийн багадаа гурван цагийг машин дотроо үр ашиггүй өнгөрөөдөг. Үүнээс шалтгаалсан хүний эрүүл мэндийн асуудал ч мөн хөндөгддөг. Цаг алдалтаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон хохирлуудтай өдөр бүр тулгарч байна. Байгаль, экологийн асуудал мэдээж чухал. Эсэргүүцэж байгаа иргэдийг буруутгахгүй. Гагцхүү уг төслийг байгаль орчин талдаа зохистой байдлаар шийдэж болно. Өчигдөр ЗГ-ийн хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг “Хууль хяналтын байгууллага дүгнэлт гаргатал түр хойшлуулъя” гэж мэдэгдсэн. Хууль хяналтын байгууллага нэн яаралтай шалгах хэрэгтэй. Үүний ард авлига, тендерийн асуудал, хулгай зэрэг хууль бус зүйл байгаа эсэх асуудлуудыг нэн даруй шалгаж, байгаль, экологи талдаа зөв зохистойгоор шийдэх хэрэгтэй. Төслийг хурдан урагшлуулах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлье” гэв.














.jpg)

