Туулын хурдны замыг эсэргүүцэж ундны усны эх үүсвэр, байгаль орчноо хамгаалахыг уриалсан иргэд жагсаж, тэмцээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Мөн өмгөөлөгч, хуульчид, иргэний нийгмийн байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаад буй. УИХ дахь АН-ын бүлэг зэргээр улс төрийн зарим хүчний зүгээс ч Туулын хурдны замын төслийг бүр мөсөн зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байна. Усны хуулиа залруулж, ундны цэвэр усны эх үүсвэрээ хамгаалъя цахим өргөдөл ч эхлүүлээд байгаа. Энэ мэтээр байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэж нийлж, нийтээр нь уриалж нийгэмд олон талын хэлэлцүүлэг өрнөсөөр байгаа юм.

Гэтэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн шинэ сайд Ц.Сандаг-Очир ажлаа хүлээж авсан шөнөө Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо гэж  мэдэгдсэн бол долоо хоногийн дараа “зөвшөөрлөө” гэв. Үүнийгээ Туулын хурдны замын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” батлагдаагүй гэсэн шалтгаанаар түр зогсоогоод байсан бол зөрчлөө арилгуулсан учраас ажлаа эхлүүлэхээр болсон гэж тайлбарлав. Мөн энэ үеэр салбарын сайд Ц.Сандаг-Очир нэгэн ноцтой зүйл ярьсан нь “Усаа хамгаалах нэрийн доор улстөржүүлж, зохион байгуулалттайгаар Туулын хурдны замын төслийг гацаах гэсэн хэсэг бүлэг хүмүүс байгаа” гэж мэдэгдэв. Төрийн сайд хүний амнаас хариуцлагагүй үг унах учиргүй. Тийм ч эрхгүй.

Тиймээс Ц.Сандаг-Очир сайд Туулын хурдны замын төслийг зогсоохоор төлбөртэй тэмцэж байна гэж хэлсэн үгэндээ эзэн болж, тэр баримтаа ил гарга. Үгүй бол байгаль орчноо хамгаалахаар нэгдэж нийлж яваа иргэдээ гүтгэж таарахгүй. Ингэж хэлснийхээ төлөө уучлал гуйх ёстой.

Мөн хотын дарга Х.Нямбаатар “"Туулаа аваръя" хөдөлгөөнийхөн үнэтэй оффис аваад, сошиалд маш их мөнгөөр бүүст хийгээд явж байгаа нь санхүүжилттэй гэсэн үг. Ард нь маш их мөнгөний захиалга байна” гэж хэлсэн. Тиймээс салбарын сайд, хотын дарга хоёр хоёулаа баримтаа ил гаргаж ирэх хэрэгтэй. Үнэхээр байгаль орчны нэр барьж төлбөртэй жагсаж байгаа бол тэр хүмүүс ч хариуцлага үүрэх ёстой. Үгүй бол төрийн сайд, хотын дарга нар хариуцлагаа үүр. Олон нийтийн ойлголт хардлагыг нэг талд нь гаргаж “Туулаа аваръя" хөдөлгөөнийхөн ч үзэл бодол, үнэт зүйлийг нь үгүйсгэж, нэр төрд нь халдаж төлбөртэй жагслаа хэмээн гүтгэсэн хүмүүсийг шүүхэд өгөх хэрэгтэй.