Ерөнхий сайд Н.Учрал лхагва гарагт танхимаасаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаа чөлөөлсөн. Ингэснээр МАН сүүлийн гурван жилд дөрөв дэхь ХЗДХ-ийн  сайдаа халж, тав дахиа томилох гэж байна. Ерөнхий сайд Н.Учрал бол МАН-ын дарга. Тиймдээ ч эрх баригч намын эв түнжин, хагарал хуваагдал ямар байгааг дээрх үйлдэл тод харуулж буй. Ардын нам урьд өмнө одоогийнх шиг ингэж хагарч, “цуурч” байсангүй. Эргэж хэзээ, хэрхэн эвлэрэхийг ч таашгүй. Үндсэндээ залуу дарга хэмээн өөрийгөө тодорхойлдог Н.Учралын үед МАН түүхэнд байгаагүйгээр эвдрэлцэж, тэр нь төрийн зовлон болтлоо даамжирлаа. Сүүлийн жил гаруйн хугацаанд МАН, Монголын төр хоёрыг ялгахад хэцүү болсон. Монгол төрийн бодлого эхлээд МАН-ын цагаан байранд гарсны төрийн тамгаар албаждаг болоод удлаа. Ингэтлээ МАН хэмээх төрийн тус байгууллага төрийн сэнтий дээр гарч суув.

Монгол Улс жилийн дотор гурван Засгийн газрын нүүр үзлээ. Төрийн албан тушаалтнууд нь нэг нэгийгээ гэмт хэрэгтнээр нь зарладаг боллоо. Гэвч хариуцлага тооцсонгүй.

Энэ янзаараа сүүлийн 30 жил үнэмлэхүй засагласан нам энэ цаг үед, ирэх сонгуулиудаар “өвдөг” шороодож мэдэхээр байна. Харин намаа ялагдалд оруулсан дарга хэн байх бол.  

Ерөнхий сайд кабинетаасаа “шүд” сугалсан. Уг нь ажлынх нь үзүүлэлтээр халж, хариуцлага ярьдаг бол Н.Учралын Засгийн газарт шатахууны сайд Г.Дамдинням, Батлах хамгаалахын сайт Л.Батлутаас эхлээд тэргүүн эгнээд тамгаа “хураалгах” сайд нар олон бий. Гэвч тийм зориг Н.Учралаас гарсангүй.

Дараагийн сайдаар хэнийг томилж, танхимаа бүрдүүлэх нь Засгийн газрын тэргүүний бүрэн эрх. Энэ эрхээ хэнтэй ч хуваалцахгүй хэмээн тунхагладаг. Гэтэл Ерөнхий сайд Н.Учрал энэ бүрэн эрхээ хэрэгжүүлж танхимынхаа сайдын нэрийг УИХ руу оруулж чадахгүй хоёр хонолоо.

Өөрөөр хэлбэл, МАН-ын хэсэг гишүүд, сөрөг хүчин, Үндэсний эвсэл зэрэг бусад нам эвслүүд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр чуулгандаа суусангүй. Үүнээс болж ХЗДХ-ийн сайдад нэрийг нь дэвшүүлээд буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн томилгоо гацаад байна. Эдгээр өдрүүдэд юун Засгийн газар, Монгол төрийн ажилд анхаарах. Улс төр хөөж гүйсэн хүмүүс Төрийн ордноор дүүрлээ.

Ангийнхаа ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа УИХ-ын дарга “хоосон” индэр дээрээс хоёр хоног гишүүдийг дуудлаа, уриаллаа. Сүүлдээ “ажлаа” тасалсан хэмээн олны өмнө нэр цохон цоллож үзлээ. Ингээд ч ирцээ бүрдүүлж чадалгүй долоо хоног шувтарч байна. 126 гишүүний 49 нь ирсэнгүй. АН-ын дарга О.Цогтгэрэл "Ерөнхий сайдад танхимын сайд нар нь ч ирээд хөдөө яваа гишүүдийг хөөж тууж авчирна. Бүлгийн шийдвэрээс зөрвөл намаас хөөнө гэж айлгаад ч нэмэр алга. Лав эрх баригч намынхан нэгэнт эвлэж нийлэхээсээ өнгөрөв бололтой.

Эндээс харахад Н.Учрал танхимын сайдаа хэзээ томилж чадах нь эргэлзээтэй хэвээр байна. Амралтын хоёр өдрөөр нам дотроо, бусад нам эвслүүдтэйгээ ойлголцож чадахгүй бол ирэх долоо хоногт ч Их хурлын хэсэг гишүүд, АН-ынхан чуулгандаа суух эсэхийг хэлж мэдэхгүй. Эрх мэдэл албан тушаалтнуудын сандал суудлын төлөөх шуналаас болж Монгол Улсын, төрийн ажил гацаанд орж байна.