Монгол төрийн ажил дахиад л МАН-ын улстөржилтөөс болж гацлаа. Лав сүүлийн 14 хоног төрийн ажил зогсож дөрвөн удаагийн чуулган ирц хүрэхгүй хойшлов. Энэ хугацаанд өч төчнөөн хууль журам, чухал шийдвэрүүд хүлээгдэж байсан ч УИХ-ын гишүүд ажлаа хийсэнгүй. Ард түмний шахалт шаардлагыг юман чинээ тоосонгүй.

Намрын чуулганы тэн хагаст гэдсэндээ хөлөө жийлцэж намын асуудлаа төрийн зовлон болгосон эрх баригчид өнөөдөр ч эв зүйгээ олсонгүй. Энэ янзаараа эрх мэдэлд улайрч энд тэнд очиж тэгнэж хэвтсэн улстөрчдийн балгаар хаврын их бүтээн байгуулалтаас эхлээд шийдлээ хүлээсэн олон ажил гацаж, түүнээс улбаалсан ард түмний амьдрал хямарч, гадаад ертөнцийн аюул хаяанд тулж ирлээ. Манай улстөрчдийг дотооддоо сандал суудалтайгаа зууралдаж байх зуур тог цахилгаан, бензин шатахуун хэцүүдлээ.

Ийн парламент, гүйцэтгэх засаглалаас эхлээд бүхэлдээ шалаанд орж гацсан. Цаашлаад намын Удирдах зөвлөл нь ч хуралдаж чадахгүй болтлоо хагарсан МАН-д улс орны ажлыг урагшлуулах ганц л гарц үлдлээ.

Тэр нь сөрөг хүчний акц хийгээд намын зарим гишүүдийнх нь хэлж шаардаж байгаачлан МАН дүрмээ биелүүлж намын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болгохоос өөр гарцгүй болчихлоо.

Угтаа Г.Занданшатарын Засгийн газар албан бусаар аль хэдийнэ огцорчихоод байгаа. Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр, Б.Энхбаяр нар бараг “явсан” гэж хэлж болно. Өөр бас бус асуудлууд ч бий.

Тиймээс МАН улс орноо улам бүр дордуулж геополитикийн хямралд оруулах гээгүй юм бол Н.Учралд ямбыг нь эдлүүлээд ялыг нь ч үүрүүл. Спикер болсноос хойш ярьж эхлүүлсэн “Чөлөөлье” хөдөлгөөнийг нь үргэлжлүүлж хүнд суртлаас эхлээд хөрөнгө хураах ажлыг нь хийлгэе. Хэрэв тэр хийж чадахгүй бол аяндаа ард түмнээр дүнгээ тавиулж эцэст нь өөрөө чөлөөлөгдөх болно. Монгол төрийн ажил цаг алдахгүй урагшлах учиртай.