АН-ын гишүүн, УИХ, Засгийн газрын гишүүн асан Я.Санжмятав, Д.Одхүү нар ИЗНН-д элсжээ. Ингэхдээ өчигдөр буюу С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан тус намыг сонгож гэнэ.
Гунигтай нь, намынхаа нэрэнд энэ хүний алдарыг нь авч ашигласнаас авхуулаад алхам бүрээ түүгээр тэжээж, ашиг олж ирсэн хүн сүргийн нэг хэсэг нь л ИЗНН. Нөгөө талаас С.Зоригийн үзэл санаа, үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж ярихаас хэтэрдэггүй, үйлдэл нь үргэлж өөр, эсрэг байдаг эл намд АН-аар тамгалагдсан хоёр хүн урвасан нь ч аанай л амин хувийн ашиг хонжоо харсан алхам гэлтэй.
Ямар сайндаа л тоолбол нас, төөлбөл бие чацуу, тэдэнтэй нэгэн үед нам, төрд сонгогдсож явсан улстөрч П.Алтангэрэл “АН гэдэг айл хөөгөөд гаргасан ч, чирээд холдуулсан ч үзэл бодол, үнэт зүйлдээ хөтлөгдөөд хаяанаас нь холдож чадахгүй “банхар”-ууд гэж бодож явсан нөхөд минь юу болов, даанч яав даа. Бид сайнтай ч, муутай ч энэ намын тогоонд чанагдаж, төдий хүрч, өдий насалчихаад яасан гэж, яана гэж ёс суртхуунаа гээж, яс горьдсон нохой шиг айлын хашаа руу гүйнэм бэ? Үзэл бодол, үнэт зүйлээ “хайж” яваа залуучуудыг бол ойлгоно, та хоёрыгоо бол огт ойлгохгүй байна даа. Эрх чөлөөний орон зайд дураараа дургиж явсан та хоёрт минь айлын хашаа давчидах л байх даа. Буйраа засна гэж бүр ч байхгүй дээ. Баяртай андуудаа” хэмээн нийгмийн сүлжээнд халаглаж.
Таамаглавал, тэр хоёрын нэгийг нь тус нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гэж авчраа биз.
Я.Санжмятавын хувьд М.Энхсайханыг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж ордны улс төрд хөл тавьсан гэхэд болно. Түүнийг “Завханы Санжмятав” гэх нь бий. Тэрбээр 2004 онд анх бие даан нэр дэвшин УИХ-ын гишүүн болж, парламентад гурвантаа сонгогдсоны завсарт буюу 2008-2012 онд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байв. Парламентын гишүүнээр ажиллахдаа Хөдөлмөрийн сайдын “давхар дээл” өмсөж, УИХ-ын дэд дарга явсан нэгэн. Мөн намын даргаас Л.Гантөмөрийг буулгаж, түүнийг тавих тухай яриа хөөрөө ч өрнүүлж байсан бөгөөд тэрбээр МоАХ фракц, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгддэг.
Саяхан болж өнгөрсөн АН-ын дотоод сонгуулиар Я.Санжмятав Үндэсний бодлогын хорооны гишүүн болж чадаагүй юм.
Д.Одхүүгийн тухайд Я.Санжмятавын адил АН-ын гишүүн байсан ч 2004 онд бие даан нэр дэвшин сонгогдсон түүхтэй. Ийнхүү хоёр дараалан сонгогдож, 2012 оноос тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга нь байв. Ингээд 2024 оны сонгуулийн дараа Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад ИЗНН-д элсэх хүртлээ тус намын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт зөвлөж байж.
Ийнхүү “Газар газрын тэнэгүүд ганц нэгээрээ нийлнэ” гэдэгчлэн хаа газрын харалган агаад аминч амьтдын үүр нь ИЗНН гэвэл таарна.
126 гишүүнтэй анхны УИХ-д жагсаалтаар сонгогдсон дөрвөн гишүүнтэй эл нам өнөөдрийг хүртэлх хоёр жилд юу бүтээснийг эргээд хараарай. Намын дарга нь Засгийн газрын сайдын суудалд ээрэгдэгдсэн хөөрхийлөлтэй нэгэн бол “Нам биш, би чамайг чирж гишүүн болгосон” хэмээн бусдыгаа бүлтэлзүүлэх бүдүүлэг гишүүн нь бүх парламентыг шившиглэж сууна. Тиймээс ч АН-ын ахмад хоёр гишүүнийг намд нь элслээ гэхээс илүүтэй “Нара гишүүний хормой доогуур шургалаа” хэмээн шивэр авир хийж байна. Үнэхээр ИЗНН хэмээх эл нам өдгөө удирдлагын маргаантай, уриалах үнэт зүйлгүй болтлоо уруудан доройтож байна. Тиймдээ ч айсуй Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрхэн амжилттай оролцох вэ гэхээс илүүтэй аль намын хэний саналыг хэрхэн хуваах вэ хэмээн хонжоо харсан нүүдэл хийж, хэн нэгний гар хөл болж байна. Үнэндээ С.Зориг агсны хэлж, захьсан эрх ашгийн эрэмбэ энэ намд лав хэдийнэ алдагдчихсан.

















