УИХ 2023 онд "Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан "Алтай дамнасан чуулга уулзалт"-ын хэрэгжилтэнд ихээхэн анхаарч, Азийн сангийн дэмжлэгтэйгээр МУИС-д жендэр судлалын магистрын хөтөлбөр нээх, Жендэр судлалын төв байгуулагдахад дэмжлэг үзүүлж ирсэн. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа МУИС-ийн Жендэр судлалын төвийн урилгаар “Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” хүндэтгэлийн лекц уншиж, цаашид тус төвтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ тус лекцийн нээлтэд хэлсэн үгэндээ “УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа МУИС-д жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр нээхэд дэмжлэг үзүүлсэн, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг тус хөтөлбөрт суралцуулж мэргэшүүлэхэд анхаарч ирсэн, МУИС-ийн Жендэр судлалын төвийг БНСУ-ын Эвха эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлсэн зэргээр Монгол Улсад Жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэхэд зохих үүрэг гүйцэтгэж ирсэн” хэмээн онцлов.
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй МУИС-ийн Жендэр судлалын төв хамтран ажиллаж, 2024 онд ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Жендэрийн эрх тэгш байдал: Сургамж, боломж, шийдэл” Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж Монголын нийгэм дэх жендэрийн асуудлаар 26 илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргасан. 2025 оны нэгдүгээр сард хоёр тал хамтран Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулан “ОРОЛЦООТ ПАРЛАМЕНТ” форумыг МУИС-ийн баруун бүсийн сургуультай хамтран зохион байгуулж, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулсан юм. Мөн жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийн мэргэжлийн магистрантууд УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд мэргэжлийн дадлага гүйцэтгэж байгаа зэрэг хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.