Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт гэнэт хэвлэлийн хурал зарлаж нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд ХЗДХ-ийн сайдыг сольж буйгаа мэдэгдэв. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарыг “халж” оронд нь Б.Энхбаярыг томиллоо. Өөрөөр хэлбэл, Л.Мөнхбаатар сайдыг юуны учир ажлаас нь чөлөөлж буй үндэслэлээ хэлсэнгүй. Мөн Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдэгдэл хийлээ гэсэн байр суурийг УИХ-ын хуульч гишүүд ээлж дараалан илэрхийлэв. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг байхаар хуульчилсан. Өнөөдөр Ерөнхий сайдын мэдэгдэл дээрх заалтыг зөрчлөө гэж үзэв. Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилал, хууль ёсны баталгаа. Монгол Улсад хууль дээдлэх ёс хамгийн түрүүнд Ерөнхий сайдад хамаатай. Гэтэл нам улс төрийн дотоод зөрчлийг төрийн шийдвэр гаргах түвшинд авчирч буй нь Монголын ардчиллын ирээдүйд ноцтой хохирол учруулна гэж үзэж буй юм.
Мөн Ерөнхий сайд танхимын гишүүнээ нэгийг нь чөлөөлж, нөгөөхийг нь шинээр томилж буйгаа хэвлэл мэдээллээр зарласныхаа дараа буюу ажлын цаг дууссаны хойно Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор болсон Б.Энхбаярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан нь хууль тогтоох дээд байгууллага болон Төрийн тэргүүнд үл хүндэтгэлтэй хандсан.
Зүй нь эхлээд Ерөнхийлөгчид дараа нь УИХ-д танилцуулах байтал шууд эрх мэдлээ хэтрүүлэн томилгоо хийсэн нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг үл хүндэтгэсэн үйлдэл учраас Ерөнхий сайд хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, төрийн институц хоорондын тэнцвэрийг алдагдуулж байна гэдгийг хуульчид хэлж байна.